Ярилцлага

Б.Батмөнх: Сур харвааг дэлхийд ТАНИУЛАХЫГ зорьж байна

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Өсвөрийн сур харвалтын тэмцээн саяхан зохион байгуулагдсан юм. Энэ удаа бид Өсвөрийн сурын тэмцээнд 15-17 насны төрөлд амжилттай оролцон гуравдугаар байранд шалгарсан Б.Батмөнх болон түүний ахтай уулзаж ярилцлаа.

-ХАРВАХАД ГАРАН ДЭЭР ЗУРСАН ХАРАА БОЛОН НУМ БАРЬДАГ ГАР, МУЛТАЛГАА БҮХЭЛДЭЭ ЧУХАЛ-

-Өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу?

-Намайг Б.Батмөнх гэдэг. Одоо 16 настай. Саяхан 15-17 насны ангилалд өрсөлдөж гуравдугаар байранд шалгарсан.

-Аль аймгаас энэхүү тэмцээнд оролцож байна вэ?

-Би өөрөө Улаанбаатар хотынх. Харин өвөө маань Говь-Алтай аймгийн хүн учраас уг тэмцээнд миний харьяалал Говь-Алтай аймгаар бүртгэгдсэн.

-Хэдэн наснаас эхлэн сур харваж эхэлсэн бэ? Энэхүү спортыг сонгон хичээллэх болсон шалтгаан?

-Жилийн өмнө ах маань “сур харваад үз” гэж зөвлөж байсан. Эхлээд сонирхож хэд харвахад их таалагдсан. Тийнхүү хичээллэж эхэлсэн.

-Танай гэр бүлд өөр сур харвадаг хүн бий юу?

-Манай ах эгч болон хоёр дүү маань харвадаг. Надтай нийлээд таван хүн энэхүү спортоор хичээллэдэг. Хоёр дүү маань ч бас энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Таван настай, найман настай хоёр дүү бий. Би өөрөө ахаасаа сур харвахыг сурдаг, дүү нартаа ч зааж өгдөг. Ах эгч хоёр маань сур харваагаар олон тэмцээнд амжилт гаргаж байсан. Түүнчлэн найман настай дүү маань “Есүхэй мэргэн”-ээр тодорсон.

-Сур харвааны клубт явдаг уу? Бэлтгэлээ хаана хийдэг вэ?

-“Засагт хан” үндэсний сурын клубт н.Дашзэвэг багш дээр явдаг. Ойролцоогоор 60-70 гаруй хүн байдаг. Ихэнхдээ сурынхаа үндсэн талбай дээр бэлтгэлээ хийнэ.

-Харвахад юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Харвахад гаран дээр зурсан хараа болоод нум барьдаг гар, мулталгаа бүхэлдээ чухал.

-Дахиад ийм төрлийн тэмцээнүүдэд оролцох бодол бий юу? Өөртөө ямархуу зорилго тавьсан байгаа вэ?

-Цаашдын тэмцээнүүдэд оролцоно гэж боддог. Зорилгын хувьд сур харваагаар хүмүүс их бага хичээллэдэг, сайн танигдаагүй. Тиймээс сур харвааг дэлхийн хэмжээнд хүргэхийг зорьж байна.   

Ийнхүү Б.Батмөнхийг тэмцээнд ороход нь бэлтгэн, энэхүү спортоор хичээллэхэд хувь нэмэр оруулсан түүний ах болох Ч.Мөнхжаргалтай уулзаж ярилцсан юм.

-ГЭРИЙНХЭЭ КОРИДОРТ БЭЛДҮҮЛЖ БАЙГААД ТЭМЦЭЭНД ОРУУЛСАН-

-Сайн байна уу? Таны тухай дүүгээс тань сонслоо. Энэхүү тэмцээнд бэлтгэж оруулсан хүний хувьд сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Миний нэрийг Ч. Мөнхжаргал гэдэг. Манай эгчийн хүүхэд, дүү маань байгаа юм. Гэртээ коридорт юм унжуулж байгаад харвуулж мултаргааг нь янзлаад энэ жил анх тэмцээнд оруулсан. Маш амжилттай оролцлоо.

-Танай гэрийнхний ихэнх гишүүдийг сур харвадаг гэсэн?

-Тиймээ гэрээсээ эхнэр бид хоёр бас харвадаг. Миний хувьд 2015 оноос хойш хичээллэж эхэлсэн. Хүрээлэнгийн хажууд хөлбөмбөг тоглодог байсан юм. Тэгээд сур харваж байгаа хүмүүсийг сонирхож харсаар байгаад өөрөө ч дуртай болсон.

-Бэлтгэлээ хаана хийдэг вэ?

-Говь-Алтайн “Засагт хан” клубт эхнэрийн хамт хичээллэж бэлтгэлээ хийдэг. Харин дүү маань ихэнхдээ гэр дотроо харваж гарынхаа мултаргааг сайжруулж байгаад гадаа бэлтгэл хийсэн.

-Таны бодлоор сур харвахад хамгийн чухал зүйл юу вэ?

-Бүхий л спортод хүний сэтгэл зүйн бэлтгэл их чухал. Хэрэв сэтгэл гарган хандвал оноо ордог гэж хүмүүс ярьдаг.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Төрийн наадамдаа түрүүлж багш дасгалжуулагч болон нутаг усныхаа нэрийг гаргаж цоллуулах зорилго бий.

Ийнхүү Өсвөрийн сурын тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн ард багш дасгалжуулагч дотны хүмүүсийнх нь дэмжлэг их байлаа. Цаашид дэлхийд энэхүү спортыг таниулах хүсэлтэй хүүхдүүд жилээс жилд нэмэгдэнэ хэмээн итгэж байна.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button