ДЭЛХИЙ

17 МЯНГАН АРАЛ, 193 САЯ ХҮН АМ - НЭГ СОНГУУЛЬ

Дэлхийн эргэн тойронд нэр бүхий улс орнуудын сонгууль шил шилээ даран зохион байгуулагдаж, улиг болсон улстөрчдийг “унагаж” байгаа явдал хэвлэл мэдээллийн халуун сэдэв болсоор байна. Тэдний нэгэнд дөрөвдүгээр сарын 17-нд явагдах Индонез улсын ерөнхийлөгчийн сонгууль зүй ёсоор орно. Нийтдээ 800 мянган санал авах байр гарган явуулах уг сонгуулийг тойрсон асуудлууд олон нийт хийгээд судлаачдын анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

-ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН “ЦОГЦ” НЭГ ӨДРИЙН СОНГУУЛЬ-

17 мянган арлын газар нутгийг хамардаг Индонез улс дөрөвдүгээр сарын 17-нд дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээний, цогц нэг өдрийн сонгуулийг зохион байгуулах гэж байна. Хэдийгээр Энэтхэгт болох гэж буй сонгууль тооны хувьд илүү /900 сая/ сонгогчдыг хамрах боловч, цаг хугацааны хувьд зургаан долоо хоногийг дамнан үргэлжлэх учир харьцангуй ялгаатай болох юм.

АНУ болон Энэтхэг улсын араас дэлхийн хамгийн том ардчилалтай гурван орны нэгд бичигддэг тус улсын 192.8 сая иргэн сонгуульдаа бүртгүүлжээ.

Индонезийн ардчиллыг харьцангуй шинэ, залуу гэж үздэг. Харин ардчилсан сонгууль нь өнгөлөг, тэмдэглэлт өдрийн шинжтэй.

Мөнхүү сонгууль дэлхийн хамгийн том шууд ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд /АНУ шууд биш системээр ерөнхийлөгчийн сонгуулиа явуулдаг/, санал хураах үйл явц өөрөө хэвийн хэм хэмжээнээс гажууд, үлэмж өргөн хүрээг хамарч буйгаараа онцлогтой болж байна. Учир нь тус нэг өдрийн дотор ерөнхийлөгчийн болон парламентийн сонгууль анх удаа нэг дор зохион байгуулагдах юм. Тиймдээ ч “цогц” гэсэн тодотголыг хүлээх болжээ.

Улмаар Индонезичууд ердөө зургаан цагийн дотор, 809.500 санал өгөх байраар үйлчлүүлж, 250.000 нэр дэвшигчдээс сонголт хийх асуудалтай тулгарч байна.

УУЧИН ТАВИЛГЫН ХУДАЛДААЧНЫ ЭСРЭГ ОНЦГОЙ ХҮЧНИЙ КОММАНДЛАГЧ-

Санал хураалтын цаасан дээр сонгогчид таван ширхэг дөрвөлжинг будах учиртай. Харин ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс сонголт хийх хэсэг хамгийн их анхаарлын төвд байх болно.

Одоогийн ерөнхийлөгч “Жокови” хочтой Жоко Видодо тавилгын худалдаачин байсан нэгэн. Тэр Исламын шүтлэгтэн, консерватив хандлагыг баримлтагч 76 настай Ма’ Руф Амины хамт уг сонгуульд орж байна.

Жокови яггүй өрсөлдөгчтэй хүч үзнэ. Индонезийг удаан хугацаанд “атгаж” байсан удирдагч Сухартогийн хууль ёсны хүү, үндсэрхэг үзэлтэн, онцгой цэргийн хүчний армийн коммандлагч байсан Прабово Субианто. Тэрбээр чинээлэг банкны эзэн Сандиаго Унотой хүч хавсарч байгаа аж.

Хэвлэлүүд уг сонгуулийг хоёр хананы дунд ойх бөмбөгтэй адилтгаж буй. Учир нь 2014 оны өмнөх сонгуульд мөн л энэ хоёр нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд, Жоко Видодо Прабово Субиантог ердөө зургаахан хувийн саналаар  ялалт байгуулж байсан юм.

-НЭГ САЯ ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ-

Индонезид e-KTP карт буюу электрон иргэний үнэмлэх авсан 17-гоос дээш насны бүх иргэн саналаа өгөх боломжтой байдаг. Мөн гэр бүлтэй болсон хүмүүс нас харгалзахгүй сонгуульд оролцох боломжтой, учир нь 16 настай охидууд хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн хууль энэ оронд хэрэгждэг ажээ. Санал өгөх хориотой цор ганц бүлэг иргэн бол хууль, цэрэг цагдаагийн хүчний байгууллагын ажилчид. Тэд улстөрийн хувьд аль нэг талыг баримтлах ёсгүй байдаг гэнэ.

Тус электрон картын тусламжтай сонгуульд саналаа өгөх боломж нээгддэг учраас алслагдмал, буурай хөгжилтэй нутгийн иргэд оролцохгүй үлдэх магадлалтай болж байгаа тухай яригдаж байна. Индонезийн зүүн өмнөд хэсэгт оршдог Папуа дүүргийг жишээ татахад, 50-с доош хувьд хамаарах иргэд электрон карттай бөгөөд үлдсэн нэг сая гаран иргэд улмаар саналаа өгч чадахгүй үлдэнэ гэсэн тооцоо хийгдсэн байна.

-САНАЛЫН ХУУДСЫГ МОРЬ, ИХ БУУГААР ЗӨӨНӨ-

Санал хураалтын хуудсыг Индонезийн бүхий л санал авах байруудад хүргэж зөөвөрлөхийн тулд онгоц, морь, их буу зэргийг ашиглахаар болсон нь сонирхол татаж байна. Өнгөрсөн долоо хоногт 26 уут саналын хуудсыг зөөвөрлөж байсан усан онгоц Хятадын Далайн орчимд шүрэн хад мөргөж осолдсоны улмаас живсэн юм.

Энэхүү сонгууль зөвхөн санал хураалтын хуудсыг өвөрмөц маягаар зөөвөрлөх шийдвэр гаргаснаараа онцлог биш. Сонгууль тойрсон хууль бус үйлдлүүдийг цагдаагийн албаныхан удаа дараа эрж илрүүлэн, идэвхитэй тэмцэж байгаа тухай нутгийн хэвлэлүүд онцолсоор. Тухайлбал нэг хүний төрсөн өдөр дээр гурван хуурамч иргэнийг бүртгэсэн, 20-р зууны эхээр төрсөн олон тооны сонгогчид сонгуульд бүртгүүлсэн тэргүүтэй зөрчлүүд гарчээ.

Мөн одоогийн ерөнхийлөгч Жоко Видодог цахим орчинд худал мэдээлэл тараан гутаан доромжилсоор байгаа тухай мэдээллийг бид үүний өмнө хүргэж байсан. Түүнийг сатанист шүтлэгтэй, бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлдэг, хурлын үеэр чихэвчээр хэлэх үгээ заалгадаг, багадаа ёс зүйгүй хөгжмийн урсгалд автаж байсан гэх мэтээр гүтгэж, нэр хүндийг нь унагахаар оролдох болсон юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button