Үйлдвэрлэгч

Ш.Сувд: Монгол үндэсний цайны ёслолоо ЮНЕСКО-д бүртгүүлэх нь миний мөрөөдөл

-МОНГОЛЧУУДЫН ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭГ СОЛИХ ГЭЖ ХОРЬ ГАРУЙ ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ-

Энэ удаад үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг “Их тайга” ХХК-ийг зорилоо. Ш.Сувд гуай бол Монголчуудыг үндэсний цайтай болгох ажилд өөрийнхөө ажил амьдралыг зориулж яваа хөдөлмөрч эмэгтэй билээ.  

-“Их тайга” компани Монгол оронд ургадаг эмийн ургамлыг хүн ардын өдөр тутмын хэрэглээ болох цай болгон үйлдвэрлэсэн анхны компани. Түүгээр зогсохгүй та монгол үндэсний цайг бий болгохоор хөдөлмөрлөсөн. Яг өнөөдрийн өндөрлөгөөс та юу хэлэх вэ?

- Улс орон зах зээлийн нийгэмд шилжээд хүн болгон өөрийнхөө мэргэжлээс өөр, эсвэл хүссэн зүйлээ хийчих гээд байсан үе л дээ. Миний хувьд бурхны өгөгдөл байсан болов уу гэж боддог юм. 1995 оноос монгол хүний цайны хэрэглээг солих зорилго тээж ажилдаа орсон. Монголчууд олон мянган жилийн түүхтэй аугаа ард түмэн ч өөрийн үндэсний цайгүй, урд хойд хөршид үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг манай цай гэж хэлэх  л хэцүү байсан. Монголчууд цайсаг ард түмэн болохоор урд хөршийн цайн дээр тулгуурласан бизнесийн орон зай бий болоод эхэлсэн. Энэ нь бидний хэлж заншсанаар дугуй булантай цай. Нөгөө талаас эрүүл гэдэг утгаараа дугуй булантай цайнд орчны бохирдол, түүхий эдийн талаасаа ч асуудал үүсч эхэлсэн.  Тэгэхээр яалт ч үгүй үндэсний цай бий болох шаардлага нөхцөл үүссэн юм. Гэхдээ энэ бол миний сэтгээд зохиочихсон зүйл биш. Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэсээ тухайн газар нутгийнхаа жимс ургамлаар цай хийж ууж ирсэн түүхтэй.

-Нэг сонин дээр үндэсний цайтай болох санааг 1910 оны үед Тоо ван хэрэгжүүлэхээр зэхэж байсан. Харин үүний дараа “Их тайга”-ын Ш.Сувд суурийг нь тавилаа гэж бичсэн байсан?

-Тийм ээ, доктор Бямбаа гуай “Өдрийн сонин” дээр тэгж бичсэн байсан. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд бид их л юмыг тууллаа. Зах зээлийн шинэ нийгэмд бүх юмыг шинээр эхлэх амар байсангүй. Хийсэн бүтээсэн бүх л хүн энэ замыг туулсан байх. Харин өнөөдөр бол би үндэсний цайтай болсон гэж ам бардам хэлмээр байна. Учир нь бид өвөг дээдсээсээ таашаан хэрэглэж ирсэн гайхамшигт ургамлуудад судалгаа шинжилгээ хийж шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч олон жил ажилласны эцэст улсын цайны стандарт буюу УСТ-ыг батлуулсан. Өнгөрсөн он жилүүдэд бизнесээр ярих юм бол ашиг байсангүй. Ихэнх нь цаг хугацаа судалгаа шинжилгээнд зориулагдаж ирлээ. Олон жил хэрэглэж дадсан өдөр тутмын өргөн хэрэглээг солиход цаг хугацаа их орсон. Гэхдээ монголын ард түмэнд хүлээж авах хүсэл, сэтгэл байсан учраас үндэсний цайтай болсон. Үндэсний цайны маань онцлог бол хүний биед чухал хэрэгтэй ургамлын хандыг шууд хүртээж энэ нь эрүүл мэндэд маш зөөлөн алгуурхан явцтай ач холбогдол үзүүлдэг нь олон жилийн үйл ажиллагаа туршлагаар нотлогдсон. Энэ цай антиоксидант чанараараа хавдраас урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй бүтээгдэхүүн. Ер нь цай, улаан буудай хоёр тухайн улс үндэстний стратеги бодлого байх ёстой гэж ярьдаг. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч үндэсний цайтай  байх нь маш чухал. Монголчууд үндэсний  дархлаагаа авч үлдэхийн тулд өөрсдийнхөө цайг хэрэглэх ёстой. Цайг бол би бурханы заяасан хүнсэнд гарцаагүй орно гэж боддог.  

-Таны олон жилийн хөдөлмөр зүтгэл үр дүнгээ өгсөн. Өнөөдөр “Их тайга”-ын цайг ууж үзээгүй монгол хүн бараг үгүй байх. Харин одоо та цайны соёлын тухай ажилдаа орж байна уу?

-Монголчууд бид цөөхүүлээ гэж ярьдаг ч эзэн Чингисийнхээ удмыг залгаж яваа аугаа үндэстний үр сад. Бид нэн түрүүнд өөрсдөө эрүүл саруул, газар нутаг бүрэн бүтэн, өв соёл уламжлагдаж явах ёстой. Энэ утгаараа би цайны соёлыг  хойч үедээ өвлүүлэх чин хүсэлтэй. Цайны соёлд олон зүйл хамаарна. Уур нүдүүр, цайны уут, цайны аягаас өгсүүлээд “манайд ирж цай уугаарай” гэдэг үгийн далд агуулга гээд цогц асуудал бий. Бид одоо идэвхжүүлж өвлүүлэн үлдээхгүй бол даяаршлын эрин үед үндэсний энэ соёл устаж үгүй болох магадлалтай. Бид нар цайны ёслолыг анхлан 2007-2009 онуудад Гандантэгчилэн хийд дээр хамбынхаа удирдлага дор хийсэн. Ингээд үргэлжлээд цаашаа явья гэхээр асуудал бий. Учир нь манай улсын төр засгийн удирдлага ойр ойрхон солигддог болохоор ярьсан төлөвлөсөн ажил зогсох, удаашрах тал байх юм. Миний хүслээр болдог бол  үндэсний цайгаа ЮНЕСКО-д бүртгүүлээд цайны ёслолоо төрт ёсны арга хэмжээний нэг болгочих бодолтой.

-Сайхан сонсогдож байна. Гэхдээ үүнийг эхлүүлсэн хүн нь та өөрөө. Тийм учраас хийх л хэрэгтэй болов уу?

-Үйлдвэрлэгчид хувийн бизнесээ улсаас харсангүй үзсэнгүй гээд л ярьдаг. Үнэндээ хувийн гэж харагдаж байгаа ч үүн дотор үндэсний хэмжээний асуудлыг шийдсэн ажлууд олон бий. Үндэсний цайны асуудлыг бол төр маань хараасай гэж боддог. Нэг сайд нь овоо дэмжих гэж байтал солигдоод дараагийнх нь гараад ирнэ. Тэгээд нөгөө шинэ хүнтэй харьцах гэхээр өмнөх засгийн газар тэр сайд дэмжиж байсан гэхээр АН-ын хүн үү, МАН-ын хүн гэдэг өнцөг гарч ирдэг. Ийм асуудалд хүртэл орохоосоо хүртэл эмээгээд л явж байна. Ингэсээр сүүлдээ хүч сулрах шинжтэй шүү. Гэхдээ би энэ мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Энэ жил Хүнсчдийн өдрөөр ХХААХҮЯ-ны сайд, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч хоёрт яг л  үнэн байдлаа хэлсэн. Төр засаг маань өнөөдөр юун цай манатай л байх шиг байна. /инээв/ Үнэндээ энэ бол  жижиг бизнес эрхэлж байгаа хүн ярьж байгаа ч бодлого, агуулгын хувь том зүйл болохоор хэн нэгэн нь олж харж дэмжинэ гэдэгт итгэдэг.

-Бидэнд нэг тийм уламжилсан нийтлэг хэрэглээ байдаг. Бөөр өвдвөл тэхийн шээг, зүрх өвдвөл долоогоно, ханиаданд аньсны навч буцалгаад уучих гээд л. Гэтэл энэ бүх ургамал Их тайга цайнд маань байж байдаг шүү дээ?

-Тийм ээ, яг энэ унаган хэрэглээ цай хийхийн үндэс болсон. Бидний хэрэглээний дадал бас их сонин. Нэг ургамал буцалгаад тавьдаг, алдаг оног уугаад нэг мэдэхэд нөгөөх нь муудчихна. Тэгэхээр миний давхар бодсон зүйл бол энэ бүхнийг цай хэлбэрт оруулаад өгчихвөл эрүүл мэндэд илүү үр дүнтэй байсан. Гэхдээ энэ ургамлыг сонгоход бас учир бий. Манай цайнд удаан хугацаагаар хэрэглэхэд биед сөрөг нөлөөгүй эрдэс аминдэм нь давамгайлсан нохойн хошуу, хусны навч, нарийн навчит, хөвөн оройт гээд үндсэн хэдхэн ургамал бий. Үүн дээрээ жаахан бадаана, цээнэ нэмдэг ч юмуу. Олон жилийн судалгаандаа суурилан хүний биед яв цав тохирох тун хэмжээг тогтоож цайгаа хийсэн. Манайх хуучин ардын эмнэлгийн хүрээлэн буюу уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй хамтарч судалгаа шинжилгээ хийдэг. Одоо бол нөөц багатай ховорт тооцогдох цээнэ, бадаана зэрэг ургамлаа тарималжуулж байна. Бусад элбэг тархацтай ургамлын навчийг Хөвсгөл, Алтай, Хангайн уулархаг нутгаас авч хэрэглэдэг.

-ИХ ТАЙГЫН ИХЭНХ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР БИЙ БОЛСОН-

-Таны ажил ганц цайгаар зогссонгүй. Өнөөдөр Их тайга хүний эрүүл мэндэд нэн тустай маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

 - Хүмүүс “Сувдаа эгчээ бөөр өвдөөд байна жаахан тэхийн шээг олоод өгөөч, нойр хүрэхгүй байна танд тустай ургамал байна уу” гэх мэтээр ярина. Тэгээд эхлээд ургамлаа өгнө. Дараа нь бодож байгаад ерөөсөө зүрхэнд тустай юм хийчихье, нойронд сайн юу хийхэв гэх мэтээр өргөжиж ирсэн. Хэрэглэгч бидний хооронд хүссэн ч, хүсээгүй ч тийм хэрэгцээ шаардлага үүсэж энэ дагуу ажилласаар явтал нэг л мэдэхэд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болчихож. Манай онцлог бол массын үйлдвэрлэл гэхээсээ илүү хэрэглэгчдийнхээ хүсэлтэд тулгуурлан явагддаг. Үнэнийг хэлэхэд бие биеэ  хайрласан, монголчуудыгаа хайрласан, хүнсний дайнд ялагдчихгүй юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн итгэл сэтгэл дээр бий болсон ажил. Экспортын хүнсний бүтээгдхүүнийг хэт их шүтээд ирэх юмбол монголчууд удмын сангаараа хорлогдох аюул бий учраас хүнсний аюулгүй байдал гэдэг утгаараа олон төрлийн юм хийж байна. 

 -Үнэхээр л хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байна. Хамгийн сүүлд л гэхэд ямар онцлогтой ямар бүтээгдэхүүн гаргав?

-Энэ хавар “Алтан бал” гэж бүтээгдэхүүн хийлээ. Хүмүүс боддог байх, яагаад ингээд юм юм руу ороод байдаг юм бол гэж. /инээв/. Төв аймгийн Жаргалант суманд үхрийн фермтэй. Мөн зөгийний аж ахуйтай болсон.  Би ер нь энэ яваа насандаа чанаргүй, хүнд хэрэг болохгүй юм хийхгүй химийн гаралтай орлуулагч дүүргэгч ашиглахгүй гэж боддог. Энэ бол хувь хүний л асуудал нөгөө талас үйлдвэрлэгчид ёс зүй байх ёстой. Өнөөдөр манайх элэгний тэжээл ээзгийгээ өөрсдөө хийж байна. Нэг грамм шар сүү асгахгүйгээр яг цэвэр ээзгий гаргадаг. Яагаад фермтэй болсон гэхээр зах зээл дээрээс жинхэнэ ээзгий олдохгүй болсон. Ээзгий цаг, түлш их ордог учраас залуу малчид төвөгшөөдөг байх л даа.  Ээзгийний жинхэнэ хандыг элгэнд өгөх шаардлагатай учраас үхэртэй болсон. Би бүтээгдхүүндээ зөгийн бал хиймээр байдаг. Гэтэл яг оргиналь уу үгүй юу гэдэг нь бас л эргэлзээтэй учраас зөгийн аж ахуйтай болох шаардлага үүссэн.

-Ямар ч юмыг дутуу хөтүү хийж чаддаггүй өнгөц дүгнэхэд өөрийгөө зовоогоод байгаа юмшиг хүмүүс байдаг. Та тийм хүн юм байна?

-Ер нь бол тэртэй тэргүй гоё сав баглаа боодолтой химийн бодистой бүтээгдэхүүн зөндөө байхад тэрийг би  давхар хийгээд яахав, тийм юм хийж 100 хүнд өгөх гэж ч зүтгээд ч хэрэггүй биз дээ. Надад итгээд манайхыг хэрэглэдэг 10 20 хэд ч бай тэр хэддээ л цэвэр байгалийн бүтээгдэхүүн өгчих бодол байдаг учраас зөгий ч үржүүлж, үхэр ч тэжээж,  ургамал тарьж байх жишээтэй.  Өмнөх асуултаас халиад явчихлаа. /инээв/ Сүүлд гаргасан “Алтан бал” манай өөрийн зөгийн бал, турмерка буюу шар гаа, хар перец, лимон гэсэн найрлагатай байгалийн антибиотек. За мөн “Алое бал” гэж ходоодны бэлдмэл байна. Зөгийн бал, барагшун, шүүдэргэнэ орсон. Бас үндэсний цай болох “Монгол цай”-гаа шууд хэрэглэх зориулттай аяган хэлбэрээр гаргалаа.

-Цээнэ, бадаана, зуун настыг тарималжуулж байгаа юм байна. Өөр ургамал тарьж байна уу?

-Биологийн хүрээлэнтэй хамтраад зүрхэнд хамгийн чухал үйлчилгээ үзүүлдэг эмийн бамбайг тарьж байна. Бид нар таван жил хамтарсан судалгаа хийгээд манай талбай дээр их амжилттай ургуулаад явж байна. Төв аймгийн Жаргалант суман дахь хоёр давхар байшингийнхаа ихэнх хэсэгт 100 наст үржүүлж тарьж байна. Цаашид иймэрхүү ховордож буй эмийн ургамлуудаа тарималжуулна. Зарим түүхий эд маань одоо нөөцийн хомсдолтой болж байна.  

-Түүхий эдийн тухайд?

-Үндсэн түүхий эдийн тухайд Хөвсгөл Хангай Хэнтийн уулархаг бүс нутгаас авч байна. Сэлэнгэ Хөвсгөл гээд тухайн орон нутагтайгаа гэрээ хийж татвар түрээсээ төлөөд нөөцийг нь тогтоолгоод явдаг. Ургамлын мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа  хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд ажилладаг. Хэдийгээр цай манай уламжлалт хэрэглээ ч гэсэн яг үйлдвэрлэж гаргах түвшинд ирэхэд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны ажил хамгийн чухал. Ямар ургамлыг ямар харьцаагаар яаж холивол хүнд ямар үйлчилгээ үзүүлэх вэ? Энэ бол бидний ажил. Монгол хүн монгол нутагтаа эзэн байхын тулд эрүүл байх ёстой. Эрүүл байхын үндсийн үндэс нь хоол хүнс. Бид энэ хоол хүнсний асуудал дээр хэсэг бүлэг хүмүүст ч гэсэн тус болох чанартай жинхэнэ органик зүйл хэрэглүүлэх зорилго, хэрэглэдэг хүмүүсийн маань хүсэлт хэрэгцээ өнөөдөр энэ компанийг өргөжүүлж хөгжүүлж байна.

-УРГАМАЛ, ЖИМСЭЭР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ ДАВЛАГАА БИЙ БОЛСОН-

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, монгол бараа бүтээгдхүүнээ хэрэглэх хүсэл өнөөдөр хүн бүрд бий болчихсон сайшаалтай. Гэвч энэ дундуур бас чанаргүй, хольцтой нь олон байх юм? 

-Зах зээлийн өрсөлдөөний хуулиар ч юмуу ургамал, жимсээр хүнсний бүтээгдэхүүн хийх давлагаа бий болсон. Буруу биш л дээ.  Гэхдээ ямар нэгэн юманд хэм хэмжээ, стандарт заавал байх ёстой. Үндэсний тохирлын тэмдэг гэдэг ямар учиртай, стандарт авахын учир, мэргэжлийн хяналт гээд эрх бүхий байгууллагуудаар байнга хянуулж шалгуулахын учир юув.  Бүтээгдэхүүнийг хийж байгаа хийхээр төлөвлөж байгаа л бол онол, практикийг ягштал хийх ёстой. Зах зээлийнхээ хуулиар хийх нь зөв, тэгж байж сайн юм гарах ёстой.  Бид нарыг ч гэсэн анх эхлээд хийж байхад янз бүрийн асуудал их байсан. Манай цайг хуурамчаар хийж тараадаг л байсан. Аньс нэрсний холимог чанамал гэж дан элсэн чихэр хийгээд “Их тайга” гэж гаргадаг л байсан. Гэвч нэг ч удаа хэнийг ч буруутгаж шүүхээр орно, заргалдана гэж яваагүй. Үнэний хэмжүүр бол цаг хугацаа. Нөгөө талаас бид ард түмнийхээ эрүүл мэндийг хайрлаж, зүрх сэтгэл оюун ухаанаа дайчлан ажилладаг. Сайн чанартай органик бүтээгдэхүүн хийдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаа болохоор айж цочоод байх юмгүй.

-20 гаруй жил тасралтгүй ажиллаж Монгол үндэсний цайг бий болгож. Дээрээс нь байгалийн зэрлэг жимс, ургамал, сүү, цагаан идээ бүхий 60 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид?

-Үйлдвэрлэл эрхлээд ингээд явахад түүхий эдээ худалдаж авах, ажилчиддаа цалинжуулах, нийгмийн даатгал, татвар, банкны зээлээ төлөх гээд л бужигнаад л явдаг. Ганц би биш хийж бүтээж байгаа хүн бүхэн л ийм асуудалтай. Мэдээж огт ашиггүй ажиллана гэж юу байхав. Хамгийн гол нь зөв юмаа зөв түшиж хүмүүст үнэхээр органик экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэх юмсан гэсэн хүсэл л хамгийн аугаа нь юм. Түрүүн хэлсэн, Их тайгыг энэ хүртэл хэрэглэгч үйлдвэрлэгчийн хооронд тогтож бий болсон итгэл үнэмшил үр дүн хөгжүүлсэн. Цаашдаа ч ингээд л явна. Заавал олон сая мянгаар нь үйлдвэрлэх албагүй, бид нар чадах ч үгүй. Өнөөдрийн хувьд хүнсний нэмэлт  бүтээгдэхүүн хийхээр патентаа авах гээд материалаа өгчихсөн хүлээж байна. Ингэж ажиллах шаардлагыг бас л хэрэглэгчид хүсэж байна.

-“АЛТАН БАЛ” БЭЛДМЭЛИЙНХЭЭ ҮНИЙГ ТОГТООХДОО ЯС ХАВТАЛЗАЖ БАЙСАН-

-Танай хамгийн үнэтэй бүтээгдэхүүн “Алтан бал” гэсэн. Ирээд үзтэл 30 мянган төгрөг юм байна. Яс хавталзаж үнээ тогтоосон гэж та ярьсан шүү дээ?

-Үнэхээр бид хэдэн төгрөгний цалин, тэтгэвэртэй билээ, монголчуудын амьдрал өнөөдөр ямар байгаа билээ гэдгээ бодохоор 30 мянгөн төгрөг чанга санагдаж яс хавталзаж, зүрх өвдөж байсан. Гэвч үүнээс өөр ямар ч арга байгаагүй. Бодит үнэ гэсэн үг. Дээр үед зарим нэг хүн “1000 төгрөгийн цай хийчхээд та сайн гэж яаж хэлж байна вэ” гэж асууж байсан. Өөр  арга зам байхгүй. Яагаад гэвэл манай цайны үндсэн хэрэглэгч тэтгэврийн хөгшчүүл шүү дээ. Массын эрх ашигт зохицуулж ажиллах ёстойг байнга бодох хэрэгтэй. Гадаадад экспортлох гэж байгаа бол хамаагүй шүү тээ. 30 мянган төгрөг инээдэм биз дээ, дор хаяж л 30, бүр 300 доллараар гаргасан цэвэр байгалийн ийм сайхан бүтээгдэхүүнд хангалттай үнэ. Жаахан онгироод хэлэхэд яг ийм органик бүтээгдэхүүн бол дэлхийд ховор шүү.

-Миний онож асуугаагүй таны уншигч хэрэглэгчдэд хүргэчих юмсан гэсэн санаа үлдэж байгаа байх. Энэ асуултыг танд үлдээе?

-Би энэ салбарт 36 жил ажиллаж байна. Өмнө нь  хүнсний сургуульд багшилдаг байсан. Эрүүл мэндийн үндсийн үндэс хүнс. Тэгэхээр манай компанийн тухайд бол зэрлэг ургамлынхаа цайг зөвхөн өөрсдийнхөө буюу Монголчуудынхаа хэрэгцээнд л хэрэглэнэ гэсэн туйлын чигч бодлоготой явдаг. Энэ бүхнээ гадагш гаргах боломжгүй, бурханаас монгол түмэнд заяасан байгаль ээжийн бэлэг гэж би шүтэж явдаг. Монголчууд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөлд маш ихээр өртөж байна. Үүний эсрэг би цагаан халаад өмсөж эмчлээгүй ч, туг бариад талбай дээр жагсаагүй ч зүрх сэтгэлдээ ард түмнээ өмөөрч өр зүрх өмөлзөж явдаг. Тэгэхээр энэ зорилгоосоо ухрахгүй. Чадлынхаа хэрээр байгаа юмаа хүмүүстээ хүргэж эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүнээр  хүн амынхаа эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулна.  Мөн монгол цайг дэлхийн түвшинд сурталчлах юм сан, ЮНЕСКО-гийн соёлын өв санд Өвөр монголчуудаас түрүүлээд бүртгүүлчих юмсан гэсэн бодлоо хэзээ ч орхихгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд аугаа зүйл энгийн байдаг. Бидний энгийн амьдралд бүх юм бий. Байгаль дэлхий бидэнд бүхнийг өгсөн. Тэрийг бид таньж мэдэж олж хэрэглэх нь хамгийн чухал байна. Үүн дээр ард түмэн минь бидэнтэй хамтран ажиллаж санал бодлоо хэлдэгт  би их баяртай явдаг.  20 гаруй жил манай цайг уусан хүн байна. Монгол нутагтаа эзэн нь байж заяаг нь түшээрэй, эзэгтэй нь байж цайгаа бариарай гэж ерөөе.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ, С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Япон улсаас
Япон улсаас
2021-12-07 08:01

Ажлын амжилт Эрүүл энхийг хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button