УРЛАГ

LEGEND ENTERTAINMENT SHOW тоглолт удахгүй болно

“LEGEND” ENTERTAINMENT SHOW тоглолт энэ оны 7 дугаар сарын 7-12-ны өдрийн 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын танхимд болно.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмент брэндийг бий болгох зорилгоор LEGEND SHOW төслийг 2018 оноос санаачлан хөгжүүлж буй. “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмент шоу хэлбэрийн тайзны бүтээл гэнэ.

Монгол соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгын дор болох дээрх тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллажээ. Түүнчлэн тоглолтод хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн Art couture, Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа юм. МУГЖ Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчид, ХЦДБЭЧ-ын  бүжигчид, Enkhe boys циркийн нугараачид, акробатчид гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч уг тоглолтод оролцоно. Дайн самуунд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар бэр цэцэг цэцэглэн ургасан эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлэх аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button