НИЙГЭМ

Багш нар хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдахыг хүсч жагслаа

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд болон багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадна жагсжээ.

-БАГШ НАРЫН ЦАЛИН БАГА УЧРААС НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДДАГГҮЙ-

Жагсаал зохион байгуулагч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа:

 “2017 оны наймдугаар сараас эхлэн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж тэмцлээ. Үр дүнгүй байна. Боловсролын салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байна. 90 гаруй хувь нь байр орон сууцгүй. НОСК-иас 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тиймээс багш нартаа тодорхой хувь, квот олгохын төлөө Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдрийн жагсаалыг зохион байгууллаа. Багш нарын цалин бага учраас ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж чаддаггүй. 20 гаруй жил багш нарын өмнөөс хэн ч үг хэлдэггүй, хүлцэнгүй байсан. Зуны амралтаараа амарч чадалгүй “тэмцье” гээд өөрсдөө санаачлаад ирсэн.

-ЗҮЙ ЗОХИСГҮЙ ҮГ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛД ОРУУЛСАН БАЙСАН-

Түүнчлэн тэрээр “Хүү багатай, урьдчилгааны хөнгөлөлттэй, хямд өртөгтэй орон сууцны зээлийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхийг шаардаж байна. Багш нар ажлын байрны ачаалал их. Боловсролын яам улс төрөөс хэтэрхий хараат болсны улмаас шалгалтаа ч зохион байгуулж чадахгүй байна. Тиймээс холбогдох Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнийг огцруулахыг шаардаж байна. Тавдугаар ангийн хүүхдийг улсын шалгалтаар 180 үгтэй эх дээр ажиллуулаад арав гаран даалгавар бөглүүлээд, дээр нь 120-150 үгтэй эх зохиолгодог. Насанд нь тохиромжтой даалгавар эсэхийг ч мэдэхгүй. Мөн зүй зохисгүй үгийг шалгалтын материалд оруулсан байсан. Жишээ нь “үхсэн хойноо” гэдэг үгийг тайлбарлуулаад суух жишээтэй. Гэтэл Боловсролын үнэлгээний төвөөс байх ёстой л асуудал гэж тайлбарласан” хэмээлээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button