СПОРТ

NBA-ийн Даллас Маверикс багийн од Лука Дончич

Сагсан бөмбөг сонирхогчдын энэ жилийн ярианы сэдэв болоод буй залуу тоглогч Лука Дончичийг танилцуулж байна.

Дражен Петровичийн үргэлжлэл

Лука Дончичийн өнөөг хүртэл туулж ирсэн замналыг харахаар Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд мөрөө гаргасан Европын хамгийн тод од, домогт Дражен Петрович эрхгүй санаанд орно. Хар багаасаа тодорч од болсон, Европын сагсан бөмбөгийн хамгийн том баг “Реал”-д тоглож байсан, тэндээ хүрч болох бүх өндөрлөгт хүрээд Хойд Америкт ирсэн гээд энэ хоёр тоглогчид ижил зүйл их байна. Гэхдээ Лука Дончич энэ бүхнийг Драженаас илүү хурдан хугацаанд амжуулжээ. Дражен Петрович “Реал”-ын лидер болсон ч Хойд Америкийг зорихоо хэсэг хугацаанд хүлээзнэж, тоглолт бүрт 30-аас дээш оноо авч залхсаныхаа дараа очсон бол Лука энэ бүхнийг хоёрхон жилийн дотор амжуулжээ. Ирээдүй нь ч илүү гэрэлтэй харагдана. Учир нь, 90-ээд оны Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд Европ тоглогчдын орон зай хомс, тэдэнд итгэдэггүй байсан бол Тони Кукоч, Детлеф Шрепф, Арвидас Сабонис, арай хожуу Дирк Новицки, Тони Паркер нарын лидерүүдийн ачаар “тивийн ялгаа” гарах нь бага болоод байгаа билээ. Лукагийн хувьд Дирк Новицки хэмээх европ одтой “Даллас Маверикс” багт очсон нь том аз гэж бодогдоно. 

Удам залгасан сагсанбөмбөгч

Лука Дончич 1999 оны хоёрдугаар сарын 28-нд Словенийн нийслэл Люблянад Саша Дончич, Мирьям Потербиний гэр бүлд төржээ. Удам судар хөөвөл Лука словен хүн биш. Эцэг эх нь иргэний дайны үеэр амьдрал хайн Словенд цагаачилж очсон аж. Косовогийн Бича хэмээх тосгоноос гаралтай улсууд юм байна. Ээж нь харин словен үндэстэн бөгөөд бүжигчин бөгөөд Любляна хотын төвд гоо сайхны салон ажиллуулдаг байсан гэнэ. Лукагийн аав Саша нь муугүй сагсанбөмбөгч байсан бөгөөд Словенийн лиг, Евролигт тоглож явжээ. Энэ нь Лукаг сагсанбөмбөгч болоход хамгийн гол нөлөөг үзүүлсэн байна. Гэр бүлийнхнийх нь ярьж байгаагаар бол Саша Дончич хүүгээ долоон сартай байхад нь анх сагсны бөмбөгтэй харьцуулсан бөгөөд нэг настайдаа өрөөнд нь байрлуулж өгсөн жижиг талбайд сагсан бөмбөг тоглож өнждөг болсон гэнэ. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсууд хүн ам цөөтэй ч спортын олон төрлөөр өндөр амжилт гаргадаг гэдгийг хүмүүс андахгүй. Лука хүү ч энэ жишгээр багадаа сагсан бөмбөгөөс гадна янз бүрийн спортыг оролдож үзжээ. Эхлэл, үр дүн нь Югослав гаралтай бараг бүх сагсан бөмбөгчидтэй ижил. Эхлээд хөлбөмбөгт илүү ач холбогдол өгч, хичээллэжээ. Гэвч удмаа дагаад өдрөөр биш, сараар өсч байсан тул яваандаа сагсан бөмбөгийг сонгосон байна. Лука сагсан бөмбөгийг бага сургуульд ороод, долоон настайгаасаа системтэйгээр заалгаж эхэлжээ. Өсгөлүүн байсан учраас тэрээр өөрөөсөө насаар ах хөвгүүдтэй тоглох болсон байна. Өөрөөс нь хурд хүчээр илүү хүүхдүүдтэй тоглохын тулд толгойгоо илүү ажиллуулах шаардлага тулгарсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж өөрөө ярьдаг аж. Энэ он жилүүддээ Грекийн сагсанбөмбөгч Василис Спанулисыг шүтэн биширч, үлгэр дуурайл авдаг байжээ. “Реал”-д очоод “7” дугаарыг сонгосон нь чухамхүү Василис Спанулистай холбоотой байсан гэнэ.

NBA-ийн шинэ, залуу од Лука Дончич гэж хэн бэ?

"Олимдия", "Реал", "Даллас"-ыг дамнасан замнал

Лукаг найман настай байхад аав нь Словенийн “Union Olimpija” багт тоглож эхэлсэн байна. Лука энэ үеэс тус багийн хүүхдийн багт Грег Брезоввецийн удирдлага дор хичээллэх болжээ. Шинэ дасгалжуулагч нь түүнийг нас чацуу хүүхдүүдтэй нь хамт бэлтгэл хийлгэж эхлээд 16-хан минутын дараа 11 насныхантай хамт бэлтгэл хийлгэх шийдвэр гаргасан гэдэг. Ийнхүү гурван насаар ах хүүдүүдтэй хамт бэлтгэл хийх болсон ч бие бялдрын хөгжил сайтай Лука дараа жилээс нь л (есөн настайгаасаа) 14 настай хүүхдүүдтэй бэлтгэл хийх болжээ. Гэсэн ч дүрмийн дагуу лигтээ 12 хүртэлх насны ангилалд тоглож байсан тул амжилтаараа үеийнхнээсээ тасарчээ. Тэнд ч гэсэн Лука өөрөөсөө 3-4 насаар ах хөвгүүдтэй үзэлцдэг байсан гэдгийг санах хэрэгтэй. Ингэж байтал орон нутгийн од олон улсад гарах анхны зам засагдаж, тэрээр Унгарын Будапештэд болсон “Васас Интеза Санпаологийн цом” тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ. Баг нь “Барселона”-гийн дараа хоёрдугаар байрт орсон ч ийнхүү хувийн шагналыг өөрийн болгосон байна. 13 настай жаал тэр жилээ л (2012 оны хоёрдугаар сар) “Реал” багт очсон байна. Испанийн баг “Minicopa Endesa” тэмцээнд амжилт гаргахын тулд түүнийг авчирсан гэдэг. Тэр тэмцээнд Лука багийнхаа хамгийн залуу тоглогч нь байсан ч 13 оноо, дөрвөн самбар, 2.8 оновчтой дамжуулалт, 3.3 бөмбөг таслалт хийж “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч баг нь дэд аварга болсон байдаг юм. 2013 онд “Олимпия“-гийн бүрэлдэхүүнд тоглон “Лидо ди Рома” тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болсных нь дараа түүнийг ирээдүйд од болно гэж бүгд хүлээн зөвшөөрчээ. Тэр тэмцээнд баг нь түрүүлсэн бөгөөд Лука шигшээ тоглолтод Италийн “Лацио”-гийн эсрэг 54 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 дамжуулалт хийсэн байдаг. Тэрээр “Реал”-ын 16 хүртэлх насны багт тоглох ёстой байлаа. 2013 онд “Реал”-ын бүрэлдэхүүнд мөнөөх “Minicopa Endesa” тэмцээнд тоглон 24.5 оноо дунджилснаар мөн л шилдэг тоглогчоор шалгарсан байна. Тэр жилийнхээ хавар Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 25 оноо дунджилсан амжилтаар 16 хүртэлх насны Испанийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ. 2014-2015 оны улиралд U18 ангилалдаа Liga EBA-д түрүүлж, мөн л шилдэг тоглогч болсон байна. Тэр жилээ “Олимпия” багийнхаа бүрэлдэхүүнд “Next Generation Tournament”-д Црвена Звездаг хожин түрүүлж, шилдэг тоглогчоор тодорсноор Словенийн сагсан бөмбөгийн ирээдүй гэгдэх болжээ.

Хамгийн залуудаа долоон удаа гурван онооны шидэлт амжилттай болгосон тоглогч

2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Лука “Реал”-ын насанд хүрэгчдийн багт анхны тоглолтдоо оролцлоо. Тэрээр энэ өдөр 16 нас, хоёр сар, хоёр өдөртэй байсан бөгөөд энэ амжилтаараа Рики Рубио, Энжел Ребологийн дараа бичигдсэн юм. 

“Реал”-ын лидер болсон гэдгээ тунхагласан тэмцээн нь түүний хувьд 2017-2018 оны Евролигийн тэмцээн бөгөөд багаа түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, өөрөө үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг гардсан түүхтэй. Тэрээр ийм амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болон түүхэнд тэмдэглэгдсэн. Лукаг ийнхүү гялалзахыг Хойд Америкийн скаутууд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. 2018 оны драфтын нэгдүгээр бүсийн гурваар “Атланта хоукс” баг түүнийг өөртөө нэгтгэсэн юм. Гэвч дараа нь “Даллас Маверикс”-т Трэй Янг болон 2019 оны драфтын эхний бүсээс сонголт хийх эрхээр “арилжиж” орхисон. Энэ наймаа “Атланта хоукс”-ын хувьд бүх цаг үеийн хамгийн харалган наймаа гэдэгт сагсан бөмбөг сонирхогчид итгэлтэй байна. Оны өмнө тэрээр “Нью Орлеанс Пеликанс”-ын эсрэг долоон удаа гурван онооны шидэлт амжилттай болгож, ийм ажилт үзүүлсэн хамгийн залуу тоглогч болсон юм. Лукад Серб, Косово, Испанийн шигшээгийн алинд нь ч тоглох боломж байсан ч тэрээр төрж өссөн Словенийн багаа сонгож, 2017 оны Европын аваргаар тодорсон нь түүний намтрын бас нэгэн гайхалтай мөч. Словенийн баг тэр тэмцээнд нэг ч хожигдолгүй ес дараалж хожсон бөгөөд аваргын төлөө Сербийг буулгаж авчээ. Дунд шөвөгт Латвийг хожиход 27 оноо, Хагас шигшээд Испанийг хожиход 11 оноо, 12 самбар, найман оновчтой дамжулалт, аваргын төлөө Сербийг хожиход найман оноо, долоон самбараас авалт гүйцэтгэсэн Лука Дончич “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон юм. Сонирхогчид, мэргэжилтнүүд Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын эхэнд түүнийг энэ улирлын шилдэг шинэ тоглогч болж чадах эсэх талаар ярилцдаг байсан бол одоо бүх цаг үеийн хамгийн шилдэг европ тоглогч болж чадах эсэхийг дэнсэлдэг болжээ. Рики Рубиогийн талаар цагтаа бас л ингэж ярилцдаг байсан бөгөөд түүнийг “Алтан жаал” хэмээн нэрлэдэг байлаа. Харин Дончич 19-хөн настай хэдий ч 30 настай, хашир хандгайн тоглолт үзүүлж байгаагаараа Рубиогоос хавьгүй илүү гэдгээ харуулж байна. Хүүхдэрхүү зан ааштай ч талбай дээр насандаа баймгүй ухаалаг хэрсүү тоглодог энэ залуу цаашид олон жил дээд түвшинд тоглож, оддын зэрэгт хүрнэ гэдэгт сагсан бөмбөгийн мэргэжлтнүүд санал нэгтэй байна.

Лука Дончич Бүх оддын тоглолтод оролцоно

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод оролцох сагсанбөмбөгчдийг тодруулах санал асуулга явагдаж байгаа бөгөөд Лука Дончич авсан саналаараа Леброн Жеймс, Кевин Дурант, Энтони Девис, Пол Жорж зэрэг одуудтай эн зэрэгцэж явна. Өрсөлдөөн ихтэй өрнөд бүсээс Бүх оддын тоглолтод оролцоно гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч авсан саналараа Бүх оддын тоглолтод оролцох нь нэгэнт тодорхой болоод байна. Ингэснээр анхны улиралдаа Бүх оддын тоглолтод оролцсон Яо Миний амжилтыг давтах юм. Яо Мин 2003 онд Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд эхний улиралдаа Бүх оддын тоглолтод сонгогдсон лигионер тоглогч болж байсан түүхтэй. Түүнээс хойш 15 жилийн түүхэнд ийм амжилт давтагдаагүй байсан юм.

Лука Дончич гэж хэн бэ гэдгээ дэлхий нийтэд харуулсан гурван сарын хугацаанд тэрээр 20.2 оноо, 6.7 самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт дундажлаад байна.

NBA-ийн шинэ, залуу од Лука Дончич гэж хэн бэ?

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button