СПОРТ

Ч.Бат-Эрдэнэ:Д.Загдсүрэнгээс болж Монгол улс олимпд оролцох эрхгүй болох нөхцөл үүсч магадгүй байна

АСУУДАЛТАЙ УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООГ ОУОХ-НООС ТҮДГЭЛЗҮҮЛЖ, БҮХ САНХҮҮЖИЛТ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХАСДАГ

Монголын “Олимпизмыг аврах хөдөлгөөн” МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн комисст шалгуулахыг хүссэн талаар гадаадын спортын томоохон сэтгүүл нийтэлсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай хөдөлгөөнөөс МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга Бан Ги Мунд захидал илгээж шалгуулахыг хүссэн. Та бүхний хариу ирсэн болов уу?

-“Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-аас оны өмнөхөн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгуулах хүсэлт өгсөн байгаа. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Өмнө нь манай холбооноос ОУОХ руу захидал илгээхэд хариу нь МҮОХ-нд ирчихдэг юм. Мөн бидний үгэнд шууд итгэхгүй учраас баримт шаарддаг. Баримтыг нь явуулахад холбогдогч хүнээс нь тайлбар авдаг. Д.Загдсүрэн ямар тайлбар  явуулснаа бидэнд эргэж тайлагнадаггүй, ОУОХ-ноос ямар хариу ирснийг нь ч үзүүлдэггүй. Өмнө нь хариу ирэхдээ “Дотроо учраа ол гэсэн” утгатай зүйл ирж байсан. ОУОХ-нд ямар нэгэн албан бичиг ирэхэд хариуг нь зөвхөн тухайн улсын олимпийн хороо руу  явуулдаг дүрэмтэй. Тиймээс бид захидлынхаа хариуг шууд харах боломжгүй байдаг. Энэ асуудлыг анх удаа тавьж байгаа ч юм биш. Бидний зүгээс 2015 оноос хойш шаардлага тавьж эхэлсэн. Одоо бараг дөрвөн жилийн нүүр үзэх гэж байна. Бидний хувьд энэ хүнийг өөрөө больчих болов уу гээд харлаа. Д.Загдсүрэн нь 2014 онд гурван жилийн хорих ялаар шийтгэгдээд өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. Уг нь энэ хүн ялаар шийтгэгдэнгүүтээ ажлаа өгөх ёстой байсан. Яаж ч бодсон олон нийтийн байгууллагыг ийм хүнээр толгойлуулах нь буруу. ОУОХ-ны дүрэм журмаараа ч тийм байдаг. Үүнээс хойш элдэв арга саам хэрэглэж өнөөдрийг хүртэл албан тушаалаа хашсаар байгаад харамсаж байна.

-МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн оны өмнөхөн тэтгэвэртээ гарна гэдгээ мэдэгдээд байгаа. Харин танай хөдөлгөөнийхөн өөр бодолтой байгаа гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн?

-Харин тэр хүн өнгөрсөн оны 12 дугаар сард тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн байна. Дүрэм журмаараа бол тэр хүн “гавьяаны амралт”-даа биш олимпийн хорооноос хөөгдөж явах ёстой хүн л дээ. Тийм учраас бид ОУОХ-ны Ёс зүйн комисст дахин хандсан юм. Энэ хүн олон жилийн туршид МҮОХ төдийгүй спортын ертөнцөд хор уршиг тарилаа. Ажлаа хүлээлгэж өгснөөс нь хойш МҮОХ-ны үйл ажиллагаа зөв замдаа ороосой гэж бодож байна. Гэвч энэ хүн өөрийнхөө үргэлжлэл, залгамж халаа хүмүүстээ олимпийн хороог үлдээх гээд байна гэсэн хардлага бидэнд байна. Ер нь мэдрэгдээд байгаа. Тиймээс манай хөдөлгөөнөөс шийтгэлээ хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Олимпийн хорооны нэр дээр байсан газрыг зарсан гэх үндэслэлээр Д.Загдсүрэн ерөнхийлөгч шүүхээс ял авсан ч цагаатгагдсан гэх мэдээлэл байдаг. Зарсан газар нь хэдий хэр хэмжээтэй байсан юм бэ?

-Ер нь бол Олимпийн хорооны нэр дээр байсан эргэн тойрны газрын наймааны жижиг хэсэг дээр л ял авсан байдаг. Хааш хаашаагаа 20x30 метрийн харьцаатай байсан байх шүү. Их газар биш шүү дээ. Олимпийн хороо төв замаас төв цэнгэлдэх хүртэл маш том газартай байсан. Одоо олимпийн бэлэг тэмдэгтэй жижигхэн цагаан байшин л үлдчихээд байна. Мөн олимпийн хорооны хөрөнгөөр баригдсан барилгыг бэлэглэлтийн гэрээгээр хүнд бэлэглэсэн байгаа юм. Аль дээр үед болсон үйл явдал, тогтоогдсон ч ял аваагүй. Ер нь бидэнд энэ хүний ял авах нь сонин биш. МҮОХ өмч хөрөнгөө буцааж авах ёстой гэсэн байр суурь байгаа. Одоохондоо бүх юм өөрийнх нь эрхэнд байгаа учраас нуугаад л байна. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байхаа.

-Гадны улс орнуудад олимпийн хорооны эд хөрөнгийг хувьдаа завшсан хүнийг шийтгэсэн тохиолдол бий юу?

-Ер нь асуудалтай улсын олимпийн хороог ОУОХ-ноос түдгэлзүүлж, бүх санхүүжилт, төсөл хөтөлбөр, олимпийн наадамд улсаа төлөөлөх эрхийг нь хасдаг. Энэтхэг, Кувейт, ОХУ гээд саяхны жишээнүүд бий. Тамирчдын хувьд олимпийн наадамд оролцох эрх нь нээлттэй хэдий ч улсынхаа нэр дээрээс биш олимпийн далбаан дор нэгдэхийг зөвшөөрдөг шүү дээ. МҮОХ иймэрхүү асуудалтай байвал ОУОХ-ноос Монгол Улсыг түдгэлзүүлэх аюул нүүрлэнэ. Монгол Улс олимпт оролцох эрхгүй болох нөхцөл байдал үүсч магадгүй байна.

ӨӨРИЙГ НЬ ТОЙРОН ХҮРЭЭЛДЭГГҮЙ, БУРУУГ НЬ ШҮҮМЖИЛДЭГ, ЮМ ХИЙЕ ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ХОЛБООНООС НЬ ХОЛДУУЛЖ УРМЫГ НЬ ХУГАЛДАГ

-Та ерөнхийлөгч Д.Загдсүрэнг МҮОХ-г 20 жилийн турш толгойлж ажиллахдаа хэдий хэр хэмжээний хохирол учруулсан гэж боддог вэ?

-Илэрхий байгаа нь 20-30 тэрбум төгрөг. Олимпийн хорооны хөрөнгөөр барьсан барилга дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй. Газар нь маш том шүү дээ. Энэ хүний учруулсан хохирлыг нарийн тооцож үзвэл хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх байлгүй дээ. Д.Загдсүрэн хууль бус юм хийлээ гээд олимпийн хороо нь хэл амтай байхаар тамирчдын амжилтад муугаар нөлөөлж байна. МҮОХ засаглалын хувьд манлайлах удирдах ямар ч чадваргүй болсон. Уг нь бусад спортын холбоодоо манлайлж явах учиртай. Одоо спортын холбоод их замбараагүй болсон. Хоорондоо 2-3 хэсэг болчхоод хэрэлдэж муудалцаад, хэрүүлгүй холбоо маш ховор байна. Дээр нь ийм нөхөр байгаагаас болоод л доошоогоо  зарчимгүй болсон. Энэ хүн өөрт нь санал өгдөг, шаардлага тавьдаггүй, хуйвалдаж эвлэрдэг нөхдүүдийг холбоон дотроо дэмждэг. Өөрийг нь тойрон хүрээлдэггүй, бурууг нь шүүмжилдэг, юм хийе гэсэн хүмүүсийг холбооноос нь холдуулж урмыг нь хугалдаг. Энэ нь цаашлаад тамирчдын амжилтад нөлөөлж байна шүү дээ..

-МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт ороогүй хэдэн жил болж байна. Хэдэн гишүүнийн саналаар ерөнхийлөгчөө сонгодог вэ?

-Би 2008 онд дүрмийн ажлын хэсэгт орж голлон ажиллаад олимпийн Хартад нийцүүлж боловсруулсан. Зарчмын хувьд зөв дүрэмтэй болчихоор Д.Загдсүрэн дахин сонгогдохоо болих гээд байсан учраас 2016 онд дүрмийг завааруулж, зарчимгүй болгосон. Ингэж байж өөрөө сонгогдоно шүү дээ. Бид олимпийн хорооны дүрмийг буцааж ном ёсонд нь оруулахаар ажиллаж байна. МҮОХ-ны дүрэмд 91 гишүүнтэй байна гэсэн заалттай байсан. Гэтэл Д.Загдсүрэн өөрөө сонгогдохын тулд 2017 онд энэ тоог 167 болгочихсон. Өөрөөр хэлбэл, МҮОХ 167 гишүүнтэй хуралдана гэсэн үг.

-Олимпийн хорооны дүрмийг ном ёсонд нь оруулахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Дүрмээ баталж хурал хийе гэхээр Д.Загдсүрэнгийн цуглуулсан булхайтай дүрмийг зохиосон хүмүүс нэг дор цуглах гээд байна. Тиймээс бид дүрмийг хэн батлах вэ гэдэгт хүртэл асуудал тулгарч байна. Мөнгө өгч, өөрийгөө тойруулан хүрээлүүлсэн хүмүүстээ “Шинэ дүрмийг баталж болохгүй шүү. Миний залгамжлагчийг сонгоорой” гэх даалгаврыг өгчих гээд байна. Тиймээс энэ хүнийг МҮОХ-ноос хөөж явуулах хэрэгтэй гэж үзээд байгаа юм.

-“Олимпизмыг аврах хөдөлгөөн” хамгийн сүүлд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй хэзээ уулзсан бэ. Ямар нэгэн шаардлага тавьсан уу?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр Д.Загдсүрэн Э.Бадар-Ууган, С.Баттүшиг нарын араас Гавьяат тамирчин Н.Баярсайхан бид хоёр Токио руу явсан. /Бидэнд зураг үзүүлэв/ Тухайн үед ОУОХ-ны бүх гишүүд 210 гаруй олимпийн хорооны удирдлагууд хуралдсан. Энэ үеэр монгол дотроо яригдах ёстой зүйлийг гадаадад аваачиж дэлгэсэн юм. Бид ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Бид зөвхөн Д.Загдсүрэнг ховлох гэж тэр хол яваагүй л дээ. Бид олимпийн спортын 10 гаруй холбооны гаргасан МҮОХ-ны дүрэмд оруулах зарчмын өөрчлөлтийн саналыг албан ёсоор дамжуулсан юм. ОУОХ-ны ерөнхийлөгч энэ хүнийг боль гэж шахсан уу, тэтгэвэртээ гаръя гэх болсон. Токио явж байж л буулгаж авлаа.

-Таны өгсөн зурган дээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү С.Баттүшиг байна. Энэ хүнийг залгамжлагчаа болгоно гэсэн хардлага танай хөдөлгөөнийхөнд байна уу эсвэл тодорхой болчихсон юм уу?

-Ингэж л хардаж байна. Яагаад гэхээр эдгээр нөхдүүд сонгуулийг зохион байгуулдаг “хайрцагладаг”. Тиймээс залгамжлагч нь байж магадгүй л гэж үзэж байгаа.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button