НИЙГЭМ

46 хүүхдийг бусдын нүдэн дээр нүцгэлэн зургийг нь авчээ

-ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛ, ГАДУУРХАЛТ, ШАХАЛТАД ӨРТСӨӨР-

Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлээс цуврал сэдэв бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын бодлого, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал сэдвийг сонгож Ерөнхий боловсрол хэсгийг сонголоо.

...Багш нар болон суралцагчид хүний эрхийн хангалттай мэдлэг, ойлголт, хүний эрхийг хүндэтгэх хандлага, төлөвшилтэй болж чадахгүй байгаагаас өсвөр насны хүүхдүүд бие махбодын шийтгэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт зэрэгт өртсөн тухай нийгмийг цочроосон хэрэг, зөрчил гарсаар байна. 

Тохиолдол: Хэнтий аймгийн “Бор өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч Б  багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн ба элэг нь бяцарч, идээлсэн гэх оноштойгоор тус төвд хагалгаанд орсон.  Суралцагч Б нь хичээлд хоцорч ирсэн, тамхи татсан гэх шалтгаар багш нь толгой руу нь цохиход манай хүүхэд толгойгоо хамгаалсан, энэ үед нь доороос нь элэгдэхэд хүүхдийн маань элэг бяцарсан тул Цагдаагийн байгууллагад хандсан.

Өнөөдөр сонины 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн нийтлэл

Тохиолдол: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалсан нэгэн судалгааны ажлын хүрээнд ...дүүргийн ерөнхий боловсролын ...-р сургуулийн захирал зохих газраас зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн сургуулийн эмч болон дотоод хяналтын менежер нартаа зөвшөөрөл өгч “Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт боловсруулах төсөл”-ийн судалгааны багийг сургуульд нэвтрүүлэн, эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр 46 хүүхдийг нэг дор нүцгэлэн зургийг нь авч, үе тэнгийнхэн болон бусад хүүхдийн өмнө айж ичих, сандрах байдалд оруулж насанд хүрээгүй, биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Комисст ирүүлсэн гомдлоос, 2018 он

-ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ХҮҮХДҮҮД ХЭНД ХАНДАХАА МЭДДЭГГҮЙ-

Комисс нь 2016 онд Гүүд Нэйборс байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх, хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийхэд Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдал байв. Иймээс хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хүүхэд, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр бодлогын санал зөвлөмжийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тусгасан юм.   Гэвч хүүхдийн эрх, хамгааллын асуудал Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс 2017 онд хүүхдийн эрх, үе тэнгийнхний дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, сургууль болон гудамж талбай хийгээд цахим орчны аюулгүй байдал, тэдний ирээдүйн талаарх төсөөлөл зэрэг өөрт нь хамааралтай асуудлаар хүүхдүүд санал бодлоо илэрхийлэх боломжтой эсэхийг “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаагаар танджээ. Судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын 12 сургууль, тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг 2 сургуулийн 6, 8,10 дугаар ангиудын 11-16 насны 1,236 суралцагч хамрагдсан байна. Судалгааны дүнгээр үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд хүүхдүүдийн багагүй хувь нь өртөж байна. Тухайлбал, 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан гэсэн бол 84.2 хувь нь дарамтлуулж шоовдорлуулсан ч хэнд хандахаа мэддэггүй гэжээ. Түүнчлэн хүүхдүүдийн 15.4 хувь нь бусдад дээрэлхүүлж, доромжлуулах вий гэж санаа зовдог гэжээ. 

Тохиолдол: Манайх хүүхдээ хувийн сургуульд хоёр долоо хоног явуулж үзсэн. Тэр үед хүү маань 10 настай, 4 дүгээр ангид орсон юм. Сургуулийн захиргаа дэмжиж, ямар нэгэн асуудалгүй хүлээгээд авсан. Хүүхдийнхээ онцлог байдлыг бусад хүүхдэд тайлбарлаж хэлье гэтэл “Тэгэх шаардлагагүй” гэлээ. Гурав хоногийн дараа багш нь “Ер нь та нар хүүхдээ тусгай сургуульд өгөх ёстой юм биш үү, Танай хүүхэд хэт хөдөлгөөнтэй тул дэргэдэх хүүхдэдээ саад болж байна” гэв. Бид “Та нар дахиад ажиглаад үзээч, гурав хоногт ийм дүгнэлт хийж болохгүй байх” гэж гуйв. Хүү маань ч хичээлдээ явна гэж уйлав. Хүү хичээлдээ явж байсан ч хэд хоногоос багш нь “танай хүү хөдөлгөөнтэй учир хамгийн ард ганцааранг нь суулгасан” гэлээ.  Мөн нэг өдөр ангийнхаа хүүхдүүдэд өгөөрэй гээд өгч явуулсан шоколадны цуглуулгыг тэр  чигт нь буцаад авчирсан. Яагаад өгсөнгүй вэ гэтэл “Надаас хэн ч аваагүй” гэж хэлсэн юм. Ангийн багш нь аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил, туршлагагүй учраас манай хүүхдийг ялган хамгийн ард аваачиж суулгаж, хүүхдүүд ч багшийнхаа энэ хандлагаас сэдэл авч “энэ хүүхэд биднээс өөр, түүнтэй харилцаж болохгүй, шоколад авч болохгүй” гэж бодол төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд хүүгээ сэтгэл санааны дарамтад орж, ядрах юм байна гээд өөр сургуульд сургахаар сургуулиас нь гаргасан...

Монголын Аутизмын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А-гийн ярилцлагаас. 

Ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчдын хувийн нууцыг хамгаалах, эрхийг хүндэтгэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр багш, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, хариуцлагыг  сайжруулах, нийгэм, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн үр дүнтэй санал санаачилга, аян өрнүүлэх нь зүйтэй байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-19 01:49

Viagra Rezeptfrei Kaufen Mit Uberweisung [url=http://buyonlinecial.com]cialis from canada[/url] Cephalexin Poision Ivy

Холбоотой мэдээ

Back to top button