Ярилцлага

Улсын начин Б.Серик: Наадмын бэлтгэл хангагдсан, одоо сэтгэл зүйгээ бэлдээд л байж байна

Манай сайтын сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдөр /2019.06.30/ болсон “Увс нуур” галын наадмаас сурвалжилга бэлтгэн өчигдөр хүргэсэн билээ. Тэгвэл уг наадмаар тун чиг сайн барилдсан Баян-Өлгий аймгийн бөх улсын начин Б.Сериктэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Тэрээр мөн зургаадугаар сарын 22-нд болсон “Өлгийн хүчтэн” дэвжээний цэргийн болон залуу 64 бөх хамруулж, бэсрэг наадамд тэргүүлсэн. Мөн зургаадугаар сарын 23-нд болсон  улсын баяр наадмын сорилго барилдаанд шөвгийн наймд тунаж үлдсэн юм. Улсын начин Б.Серик энэ жилийн наадмын бэлтгэлд тун ч өнгөтэй сайн байгаа бөгөөд олон хүмүүс түүнийг энэ жил улсын баяр наадамд цол ахих магадлалтай найдвар бий хэмээцгээж байгаа билээ.

Хамгийн томд тооцогдож ирсэн “Увс нуур” галын наадмыг бөх сонирхогчид алдалгүй ирж үздэг. Түүнчлэн наадмын түрүү бөхчүүдийн тааврыг эндээс харж, энэ жилийн наадмын өнгийг тодорхойлдог хэмээх явган яриа байдаг. Энэ жилийн хувьд “Увс нуур” галын наадамд 128 бөх барилдсан бөгөөд Увс, Баян-Өлгий, Төв аймаг, Өмнөговь, Ховд зэрэг таван галаас бөхчүүд зодоглосон юм.

Харин манай ярилцлагын гол баатар Б.Серикийн хувьд шөвгийн дөрөвт тунан үлдсэн. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгстэй учраа таарсан бөгөөд тэдний барилдаан 20 гаруй минут үргэлжилсэн сонирхолтой барилдаан болсон юм. Наадамчин олныг хэд хэдэн удаа суудлаас нь босгож, дуу алдуулсан уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс залуу бөх Б.Серикийг суганд сэжиж хөл суйлснаар барилдаан өндөрлөсөн.

Гэвч өөрөөсөө чац өндөр, цол илүү туршлага арвин бөхтэй ийн хүч үзэлцэнэ гэдэг залуу бөхийн хувьд сайн үзүүлэлт гэхэд болно.

-Энэ жил хэзээнээс галын бэлтгэлдээ гарсан бэ?

-Зургаадугаар сарын 15-аас нутгийнхаа “Өлгийн хүчтэн” дэвжээтэй галын бэлтгэлд гарсан. Үүнээс хоёр хоногийн дараа харьяалагдаг Сүлд спорт хорооны бөхчүүдтэй Налайхын Хонхор орчимд байрлаж наадмын бэлтгэлээ базааж байна. Маргааш буюу долоодугаар сарын 1-нд Сүлд спорт хорооны галын наадам болно. Өнөөдөр энд зодоглочхоод маргааш Сүлд спорт хорооныхоо галд барилдана даа.

-Хэдийд галын бэлтгэлээсээ буух вэ?

-Улсын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл долдугаар сарын 10-нд явагдах учир тэр хавьцаа л бууна гэж бодож байна.

-Өөрийнхөө хувьд наадмын бэлтгэлээ хэр хангалттай базааж байна гэж бодож байна?

-Наадмын сорилго барилдаанд шөвгийн наймд шалгарсан. Мөн зургаадугаар сарын 22-нд болсон нутгийнхаа галын наадамд хоёр дахь жилдээ түрүүлсэн. Ер нь наадмын бэлтгэл хангагдсан гэхэд болно. Одоо сэтгэл зүйгээ бэлдээд л байж байна даа.

-Хүн болгонд дархан мэх гэж байдаг таны тухайд? 

-Тухайн хүний өөрийнх нь барилдааны онцлог юм даа. Одоо ч дан ганц дархан мэхээр барилдана гэхэд хэцүү болсон. Бөхчүүдийн талаар судалгаа шинжилгээ их хөгжсөн учир тухайн барилдах гэж байгаа хүндээ тааруулж өөр тактикаар барилдах нь зүйтэй болсон.

-“Увс нуур” галын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна вэ?

-Өнгөрсөн жил ирж барилдаад шөвгийн наймд үлдэж байсан. Энэ жилийн тухайд нутгийнхаа галын найзуудтайгаа ирж барилдаж байна. Ер нь “Увс нуур” галын наадамд ирж зодоглоход их чансаатай, ирж барилдахад бэлтгэлд их өгөөжтэй сайхан байдаг. Энэ жил тухайд ч мөн адил аварга арслангууд байна. Мөн Өмнөговь аймгийн улсын начин цолтой бөх ч ирж зодоглоод сайхан барилдаан байна.

-Таныг энэ жил улсын баяр наадамд өөрийн найз Д.Анартай учраа таарвал эвгүйдэж магадгүй хэмээж байгаа. Энэ тухайд юу гэж бодож байна?

-Бид Саудын Арабад болсон дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож жин жиндээ тэргүүлж, үнэмлэхүй жинд мөн барилдаж манай Д.Анар уг жинд аваргын төлөө надтай хүч үзэн түрүүлсэн байгаа. Д.Анар найз маань энэ жил бэлтгэл сайтай сайхан байгаа. Улсын баяр наадам сайн барилдаж цол авна байх хэмээн харж байгаа. Миний хувьд ч гэсэн өөрийн цолоо ахиулж, дээшээ үзэх талаар сайн барилдана хэмээн бодож байна.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх нэмж хэлэх зүйл байна уу?

-Найз нөхөд болон нутгийн дэвжээний бөхчүүд  болох аймгийн арслан М.Мустафа, М.Еркебулан болон У.Берек ах маань энэ жил цол ахиулж улсын цолонд хүрээсэй хүсэж байна. Мөн тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button