Ярилцлага

ҮЙЛДВЭРЛЭГЧ Т.Туяа: Зөгий устаж үгүй болбол дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө

-ЗӨГИЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛБОЛ ХҮН ТӨРӨЛХТӨН МӨХНӨ-

Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, “Халх голын хишиг” зөгийн аж ахуйн зөвлөх Т.Туяатай ярилцлаа.

Зөгийн аж ахуй нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал орлогдошгүй үнэ цэнэтэй бүтээгдэхүүн   үйлдвэрлэдэг төдийгүй хүний ямар нэгэн оролцоогүйгээр эко системийг бүрдүүлж, байгаль орчинд хамгийн эерэг нөлөө бүхий  ХАА-н салбар юм.

-Та өөрийнхөө ажил мэргэжил, бизнесээ танилцуулаач?

-Би хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. 2005 оноос Дорнод аймгийн Халх гол суманд 20  зөгийн бүл худалдан авч энэ салбарт анх хөл тавьсан бөгөөд 2008 оноос “Халх гол” зөгийн аж ахуйдаа зөвлөхөөр, 2013 оноос хойш Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 -Зөгийн аж ахуй эрхлэх, энэ бизнесийн онцлог нь юу вэ?

- Хүмүүст зөгийн аж ахуй гэхээр зөвхөн зөгийн бал л авдаг гэсэн нийтлэг ойлголт бий. Гэтэл зөгийнөөс балнаас гадна 12 төрлийн байгалийн идэвхт, хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой, эмийн гол түүхий эд болдог бүтээгдэхүүн гардаг. Зөгийн жилий, сүүнцэр, цэцгийн хор, лав, зөгийн тоос гэх мэт.  Зөгий нисч л байвал тэнд эко системийн тэнцвэр байдал хадгалагдаж байна гэсэн үг. Зөгийгөөр тоос хүртээснээр  ургамлын ургац 30-300 дахин нэмэгдүүлдэг.  Зөгий устаж үгүй болбол дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө гэж Эйнштен хэлсэн байдаг. Манай зөгийн аж ахуйн байдаг Халх гол онцлогтой бүс нутаг нь Хянганы нурууны төгсгөл, Төв Азийн хялгант талын төгсгөл, мөн элсэн манханаар хүрээлэгдсэн ба Номхон далайн чийглэг уур амьсгалын төгсгөлийн цэг болдгоор онцлог.

-Тийм л учраас та Халх гол бүс нутгийг сонгож зөгий үржүүлсэн үү?

- Тийм ээ. 1980 оны үед судлаач (Ph.D) Х.Отгонбилэг энэхүү байгаль, цаг уурын өвөрмөц тогтоцтой балт ургамлын төрөл нөөц ихтэй, дулааны үргэлжлэх хугацаа урттай Халхголын бүс нутагт  45 овгийн 138 төрлийн 243 зүйлийн балт, тоост ургамлын нөөцөд 10,990 бүл зөгий үржүүлж, 125,7 тонн зөгийн бал авах боломжтойг судалгаагаар тогтоогджээ. Гэтэл одоогоор Халхголын бүс нутагт дөнгөж 1000 орчим бүл зөгий байгаа нь зөгийн аж ахуй эрхэлж буй аж ахуй болон нутгийн ард иргэд зүй ёсоор нягтран ажиллах шаардлага гарч байна.

-“Халх гол” зөгийн балны онцлог гэвэл?

-“Халх гол” зөгийн бал нь тал хээрийн бүсийн зөгийн 243 төрлийн эмийн ургамлын охийг цуглуулж бий болгосон байгалийн органик бүтээгдэхүүн. Манайх мангир цэцэг голлосон учраас бусад зөгийн балаас илүү хүрэн өнгөтэй гардаг. Сонгины төрлийн ургамал болох мангир цэцэг нь антиоксидант чанар өндөртэй.

-“Халх гол” зөгийн бал тодорхой хүрээнд танигдсан брэнд. Бусад бүтээгдэхүүний тухайд?

-Манайх одоо зөгийн бал Номин, Сарнайх болон бусад сүлжээ дэлгүүрээр зарагдаж байна. Зөгийн аж ахуйгаас гардаг бусад олон үнэт чанартай бүтээгдэхүүнийн Монгол улсад мөрдөх стандарт батлуулахгүйгээр  цэцгийн тоос, жилий, сүүнцэр зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд борлуулахад боломжгүй байна.  2019 онд  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын  зөгийн балны стандартад нийцүүлэн МNS629:2019 Цэвэр зөгийн балны техникийн шаардлага батлууллаа. Цаашид  бүх бүтээгдэхүүндээ стандарт батлуулж байж худалдаална. Бид нар өнөөдөр манайх сайн, цэвэр, оргиналь гээд яриад л байна, энэ бүх үзүүлэлтээ юугаар батлах юм бэ гэхээр баталгаажуулалтын систем бий болгох шаардлагатай байна. Зөгийн бүх бүтээгдэхүүн стандарттай болчихвол балнаас илүү үнэ цэнтэй олон улсын зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. 

-ЖДҮХС-ГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ТӨСЛИЙГ БИД САЯ ӨГЛӨӨ-

-Тулгамдаж байгаа асуудал нь стандарт юм байна. Тийм үү?

-Бид нар жилдээ 7-8 тонн зөгийн бал хурааж авдаг. Үүнийгээ борлуулах гэж үнэхээр аргаа барж байна. Ёстой л  уйлан дуулан байж таван тонныг борлуулдаг. Харамсалтай байгаа байхгүй юу. Хоёрдугаарт ханган нийлүүлэлтийн асуудал. Бид нар өнөөдөр зөгийн үүр хайрцаг, зөөлөн эдлэл, хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд бүгдийг өөрсдөө хийдэг.  Тэгэхээр энэ салбарт ханган нийлүүлэлт, маркетинг, менежментийн цогц шийдэл яах аргагүй шаардлагатай. Эдгээр асуудлуудыг шийдэх тал дээр  2013 оноос хойш Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

-Одоо үйл ажиллагаа ямархуу түвшинд, ямархуу шийдэлтэй явж байна вэ?

-Найман жил уйгагүй явлаа, өчнөөн уулзалт, хурал хийлээ. Энэ жилээс ерөнхийдөө зорилтот ажлууд маань цэгцэрч байгаад баяртай байна. Зөгийн аж ахуйн эрхлэгчдэд  зээлийн авах шаардлагад хангах маш хэцүү.  Жилдээ нэг аж  ахуйн  дунджаар тавхан тонн зөгийн бал авна тэгээд л 100 сая л төгрөг шүү дээ.  Олон улсын жишигт хүрсэн зөгийн аж ахуйн болоход 300-500 сая төгрөгийн зээл авья гээд зогсоод байдаг, батлах нотлох юм байхгүй, шаардлага хангахгүй олон жил болсон. Тэгээд энэ бүхнийг туулсны эцэст Манай зөгийчид нэгдсэн  кластер байгуулахаар шийдсэн. Ингээд 42 ААН нэгдэж Мон-Апи кластер байгуулсан.  Энд модон эдлэл, оёдол, сэмжний, үржлийн гээд үйлдвэр гээд бүгд байна.

-Баталгаажуулалтын тухай тодруулж асуумаар байна?

-Бид нар кластер байгуулаад хамгийн түрүүнд хийх ажил бол баталгаажуулалт юм. Нэгдүгээрт мал эмнэлгийн ариун цэврийн төвийн зөгийн лаборатори дээр иж бүрэн шинжилгээ хийхээр болсон. Экспортын том шаардлага бол иж бүрэн шинжилгээ байдаг. Шаардлагатай тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд тус лабораторид суурилуулсан.  Гарал үүслээ баталгаажуулахаар олон улсын байгууллагатай хамтраан ажиллаж байна.  Зөгийн аж ахуйн бүхэл бүтэн мэдээллийн сан үүсэж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд  зөгийн бүтээгдэхүүний гарал үүсэл баталгаажуулах аппликейшн хийлгэхээр төсөвт нь тусгасан байгаа. Үүний тусламжтайгаар зөгийн балны код уншуулахаар гарал үүсэл ... гурван үзүүлэлт нь гараад ирнэ.

1983 онд Төр засгийн зүгээс зөгийн аж ахуйг дэмжинэ гэсэн ганцхан тогтоол гарсан байдаг юм. Тэрнээс хойш зөгийн аж ахуйг дэмжих нэг ч үг үсэг төрийн бодлогод тусгагдаагүй байдаг байлаа. Харин сая 2018 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт Монголын зөгийчдийн нийгэмлэг нэлээд ажил хэрэг болгон явж байж Зөгийн аж ахуйг хөгжүүлэх заалтууд оруулсан. Тэр тусам зөгийн аж ахуйг Кластерийн системээр хөгжүүлэхийн түлхүү тусгасан байгаа. Одоо төр засаг бодлогын түвшинд Зөгийн аж ахуйг дэмжинэ гэж итгэж байна.

-ЖДҮХС-д төслөө өгсөн үү?

-Бид нар хэдхэн хоногийн өмнө кластерийнхаа хүрээнд 42 ААН хамруулж ЖДҮХС-д төсөл бичиж зээл хүсэлтээ найман боть ЖДҮХС-гийн түүхэнд байгаагүй  тийм том төсөл аваачиж өгсөн. Гурван хүн өргөж зөөж оруулсан /инээв/.  Энэ 42 дотор чинь хөөрхий минь бичиг үсэг мэдэхгүй ч хүн яваа. Уулын мухарт амьдарч байгаа зөгийчнөө авч ирж хажуудаа суулгаад бүх мэдээллийг нь асууж байж төслийг нь бичсэн. Төслийг гадаад дотоодын их дээд сургууль дүүргэсэн  чадварлаг 10 гаруй хүн нийлж бичлээ.  

-Кластерт 42 ААН нэгдэж. Зөгийчдийн нийгэмлэгт хэдэн зөгийчин нэгдсэн бэ?

-Монголд 600 гаруй зөгийчин байдгаас 200 нь холбоондоо нэгдчихсэн. Бид 200 зөгийчнөө чадавхжуулахад анхааран ажиллаж байна. Зөгийн балыг экспортлоход гурван шаардлага л байдаг. Эхлээд стандартын шаардлага хангасан байх ёстой. Бид нар Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд стандартаа боловсруулчихлаа. Хоёрдугаарт зөгийчид яг технологийн дагуу зөгийн балаа хураадаг байх ёстой. Үүнийг ч мөн Азийн хөгжлийн банк, Японы Жайкагийн хамтын ажиллагааны хүрээнд гурван төсөл дөрвөн жил хэрэгжүүлж чадавхжууллаа. Одоо энэ 42 ААН-ийг олон улсын жишигт хүртэл бойжуулна.  

-Дэлхийн зах зээл дээр манай зөгийн бүтээгдэхүүн танигдах боломжтой юу?

-Монголын зөгийн бал бол өндөр уулсын зэрлэг цэцэгс, нэн ховордсон эмийн ургамлын охь дээж юм. Дотоодын зөгийн балны 10 хувь нь таримал ургамал буюу равс, гурвалжин будааных,  90 хувь нь онгон байгалийн зэрлэг цэцэгсийн ургамлын бал. Ургамалжилтын төрлөөрөө далайн түвшнээс дээшлэх тусам антиоксидант чанар дээшилдэг. Энэ нь бидний хэрэглэж байгаа зөгийн бал дахь антиоксидант чанар  гэсэн үг. Зөгийн балныхаа антиоксидант чанарыг судлаад алдартай болгочихсон “Манука” гээд бал байна. Эдний зөгийн бал нэг кг нь 400 долларын үнэтэй. Тэгэхээр бид нар энэ судалгааг хийж Монголын зөгийн балны антиоксидант судалж зарлаж байж  дэлхийд гаргана. Энэ судалгааг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Т.Ундармаа (Ph.D) хийгээд явж байгаа. 

-Тэр цагт...?

-Монголын зөгийн балны антиоксидант чанарын судалгаагаа иж бүрэн хийчихээд олон улсын хурал дээр илтгэл тавихад ойрхон байна. Монгол орны маань нэг том үнэт бүтээгдэхүүн дэлхийд гарахад бэлэн болж байна.

-ЗӨГИЙН БАЛЫГ ХАЛУУН УС, СҮҮНД НАЙРУУЛЖ БАС ХӨРГӨГЧИНД ХИЙЖ БОЛОХГҮЙ-

-Зөгийн бал  хүнд хэрэгтэй, биед сайн гэдэг ойлголт хүн бүрд бий. Харин зөв сонголт, зөв хэрэглээ талаасаа та илүү хэрэгтэй, оновчтой мэдээлэл өгөх болов уу?

-Монголын зах зээл дээр 2013 оноос хойш эрдэмтэн докторуудтой хамтарсан судалгаа хийсэн. Хамгийн түрүүн бид зах зээл дээрх зөгийн балуудыг ангилж үзсэн. Хамгийн эхлээд хиймэл зөгийн бал байна. Компанийн бизнес учраас би нэрийг нь дурьдахгүй. Супер маркетийн лангуун дээр 3000-4000 төгрөгөөр борлуулж байгаа монголд үйлдвэрлэсэн балнууд бол хиймэл бүтээгдэхүүн юм.  Үүнийг ус, сахарыг ижил харьцаагаар  чанаж амт үнэр оруулж хийдэг. Тэгээд  Бүтээгдэхүүний шошго дээр хиймэл  зөгийн бал гэж маш жижгээр үл анзаарагдах төдий бичсэн байдаг.  Бид нар энэ хиймэл балтай тэмцэж ажилласан ч үр дүн гараагүй. Учир нь тэд байгууллагын  мөрдөж байгаа стандарт гэж хэлдэг. Тэр нь болохоор сахар нь 80 хувь, чийг нь 21 хувь байна гээд заагаад өгчихсөн байсан. Тэгээд нөгөө балыг нь аваад шинжлээд үзэхээр 80/20 нь байгаа болохоор сахар орлуулагчаар хийсэн баланд шаардлага тавьж чадахаа больсон. Одоо бол 2019 онд баталсан Цэвэр зөгийн балны стандартаа бариад очиход олон үзүүлэлтээр хиймэл  балыг цэвэр зөгийн балаас ялгаж чадна. MNS6294:2019 стандартыг хангахгүй байна гээд шаардлага тавих боломжтой.  Мөн импортоор оруулж ирдэг шингэрүүлсэн зөгийн балыг их хэрэглэж байна. Европын улсад зөгийн бал 30 хувь, 70 хувь нь орлуулагч байх стандартаар хийгдсэн балнууд гэсэн үг. Үүний дараа таримал ургамлын зөгийн бал байна. Энэ бол муу зөгийн бал биш. Ер нь бид нар юунаас сэргийлдэг вэ гэхээр маш сайн зөгийн бал хураан авч байгаа хэрнээ халааж савладаг. Гэтэл  40 градусаас дээш халсан балны 360 төрлийн үр шим нь байхгүй болчихно. Яагаад халаадаг вэ гэхээр талсжсан балыг савлахын тулд шингэрүүлж халаадаг. Ямар зөгийн бал хурдан талсждаг вэ гэхээр гурвалжин будаа наранцэцэг гээд таримал ургамлын балнууд. Тэгэхээр халааж болох ч 40 градусаас  дээш гаргаж болохгүй. Түрүүн ярьсан лабораторийн шинжилгээгээр хэдэн градус хүртэл халаасныг нь гаргаад ирнэ. Тэгэхээр бид хэрэглэгч халаасан эсэхийг нь хүртэл мэдэх боломжтой нарийн стандарттай болж байна.

-Зөв хэрэглээ талаасаа?

-Нэгдүгээрт буцалсан халуун усанд хийж ууж болохгүй. Хүйтэн, хүйтэн бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. Хөргөгчинд битгий хадгалаарай, байнга таглаатай байлгаарай. Баланд орчны үнэр амт маш хурдан шингээдэг. Найруулаад 30 минутын дотор уучих, удааж хэрэггүй. Исэлдэлд ороод ямар ч хэрэггүй болно. 24 сар хүртэлх хүүхдэд битгий өг. Дэлхийд нийтээр хориглодог юм. Сахартай хүн битгий уугаарай гэж хэлдэг. Гэтэл өглөө бүхэн цэвэр зөгийн балыг нэг халбага хэрэглэхэд сахар тогтворждог гэдгийг олон хүн хэлдэг.

-Зөгийтэй холбоотой сонирхолтой тоо баримт, танин мэдэхүйн мэдээлэл?

-Маш олон тоо бий. Гачууртын  440 гээд брэнд байна. Зөгий цэцгийн шүүсийг /анх шингэн ус шиг/ үүрэндээ авчирч шүлсний ферментээр боловсруулдаг. Зөгийн балны чийг 20% хүртэл болгохын тулд  440 удаа  далавчаараа дэвж байж өтгөн болгож жинхэнэ зөгийн бал бэлэн болно. Халбага зөгийн бал цуглуулахын тулд нэг зөгий Улаанбаатараас Лондон ороод буцаад ирэх зайг туулж байж бүтдэг.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-18 00:26

Comprare Cialis Generico Italia Donde Comprar Levitra En America [url=http://tadalafonline.com]cheapest cialis 20mg[/url] Pharmaceutical Amoxicillin Quel Viagra Acheter Bupropionxl

Холбоотой мэдээ

Back to top button