НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Наадмын билетэд хонон дугаарласан иргэд ухаан алджээ

Наадмын нээлт болон бөх үзэх билетийг авч чадахгүй чирэгдэл учирч байна гэсэн иргэдийн гомдлын дагуу бид “Дүнжингарав” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорьсон юм.

-АЖЛЫН ЦАГ ДУУСАХ БОЛООГҮЙ ДӨНГӨЖ 15 ЦАГИЙН ҮЕД МАШИНЫ ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ МАРГААШ ӨГЛӨӨ ИР ГЭВ-

“Дүнжингарав” үйлчилгээний төв рүү ороход л түм түжигнэж, бум бужигнан яарч сандарсан, ямар нэгэн зүйлс эрж сурсан хүмүүстэй зөрөлдөнө. Угтах ажилтнаас наадмын билет хаана зарагдаж байгааг асуухад “Өнөөдрийн зарагдах ёстой билет дууссан, маргааш өглөө найман цагаас худалдаалж эхэлнэ. Билетээ авч чадаагүй хүмүүс хонох гээд гаднах хаалганы хажууд хүлээж байна” гэж хэнэггүй хариулсан юм.

Цааш явж байтал хэдэн хүмүүс нэлээдгүй чимээ шуугиантай зогсож байлаа. Учир юу вэ гэвэл “Ажлын цаг дуусах болоогүй дөнгөж 15 цагийн үед машины зогсоолын зөвшөөрөл олгохгүй маргааш өглөө ир” гэж ажилтнууд хэлсэн байна. Хэдэн цаг түгжирч, цаг заваа гаргаад ирэхэд  авто машины зогсоолын зөвшөөрөл олгохгүй байгаад иргэд ихэд бухимдалтай байлаа.

Билетийн дараалалд зогсож байгаа хүмүүс дээр очиход сүүдэр бараадан цаасан хайрцаг, машины дугуй, цементэн дээр суусан зарим нь аяны сандалтай харагдана. Хэсэг хүмүүс  хөзөр тоглож, зарим нь хөнжил гудсаа авч ирэн сүүдрэвчинд унтаж байсан юм. Иргэдээс тодруулахад:

-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН 12 МЯНГАН СУУДАЛТАЙ. ГУРВАН МЯНГА НЬ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ХУВААРИЛАГДДАГ-

-Өглөөний таван цагаас хойш ирсэн боловч билетээ авч чадсангүй. Өглөө найман цагт нээнэ гэсэн ч 11 цаг өнгөрч байхад хаалгаа нээж тасалбараа борлуулж эхлээд 12 өнгөрөөд өнөөдрийн билет дууссан гээд хаалгаа түгжээд цагдаа нар нь хайсаа хамж тавьчхаад яваад өгсөн.

-Нэг хүнд хоёр билет олгож байгаа нь үнэн боловч шагийн наймаачид олон хүн зэрэг авч ирж хуурамч дараалал үүсгэн нээлтийн тасалбарыг ихээр авч энгийн бид нарт хүртэхгүй дуусаж байгаад маш их гомдолтой байна. Тэр онлайн захиалга нь огт болохгүй. Мөн настай хүмүүсийн урдуур залуучууд дайрч орох тохиолдол байна. Хэд хэдэн хүн ухаан алдаж унасан. Цагдаа нарт урдуур битгий хүмүүс оруулаач гэж хэлэхэд дуугүй байгаарай, чамайг жагсаалаас чинь гаргана шүү гэж дарамталсан. Нийтийн хэв журмыг сахиулах ёстой хүмүүс хэдхэн дамын наймаачидтай хуувилдаж болохгүй биз дээ.

Өндөр настнуудын хэлснээр “Биднийг энд ирэхээр явж байхад нэг залуу наадмын тасалбар олдохгүй байна надаас 100 мянгаар нэг билет авбал аваарай” гэж хэлсэн гэлээ. Зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар 16 мянган төгрөг харин нэмээд бөх үзэх бол 24 мянган төгрөг байгаа билээ. Гэтэл шагийн наймаачид 16 мянган төгрөгөөр авсан тасалбарыг 100 мянгаар зараад эхэлчихсэн байгаа аж.

“Хөдөөгөөс ирсэн аав, ээжийгээ ганц удаа улсын наадмынхаа нээлтийг үзүүлчихье гэж бодсон боловч үүр цүүрээр ирсэн энэ хүмүүс авч чадаагүй байхад ажлаа тараад ирсэн надад бүр ч олдохгүй юм байна” хэмээсэн нэлээдгүй хүнтэй таарсан юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Гурван мянга нь төрийн өндөр албан тушаалтнуудад хуваарилагддаг, гурван мянгыг гадаадын иргэд, жуулчдад зориулдаг. Үлдсэн зургаан мянган тасалбарыг авахын тулд иргэд оочир дараалал ихээр үүсгэн, зардал чирэгдэл болж авдаг. Жилийн жилд наадмын тасалбар худалдах, борлуулах асуудал том асуудал дагуулдаг. Хог шороондоо дарагдан, иргэд хонон өнжин хүлээх, дамын наймаачидтай цагдаа нар хуувилддаг зэрэг маш олон асуудлууд үүссэн байна. Дараа жил энэ асуудал дахин гарахгүй байх болтугай.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button