Сурвалжилга, Нийтлэл

ХАРЬЦУУЛАЛТ: 142.5 саяар нийлүүлэгдсэн цэвэрлэгээний төхөөрөмж “Алибаба” дээр 76 сая төгрөгийн ҮНЭТЭЙ БАЙНА

ШАЛГАРУУЛАЛТ: ХОЁР ТӨРЛИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙЛҮҮЛЭХ ЭРХИЙГ НЭГ КОМПАНИД ӨГЧЭЭ

Хотын дарга С.Амарсайхан тохижилт үйлчилгээний ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэвэрлэгээ, угаалгын зориулалт бүхий тоног төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.

Энэ дагуу Нийслэлийн хот тохижилтын газраас түргэвчилсэн журмаар тендер зарлаж, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг нийлүүлээд буй. Гар хөдөлмөрөөр ажилладаг хот үйлчилгээний ажилчдыг хөнгөлж буй гэдэг утгаараа энэ ажил олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Асуудлыг эргэн нягтлахад, Хотын дарга С.Амарсайхан 2019.04.12-ны өдөр захирамж гаргаж, цэвэрлэгээ үйлчилгээний зардалд шаардагдах 4.2 тэрбум төгрөгийг 2019 оны Нийслэлийн төсөв дэх Дүүргүүдийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин механизмын хөрөнгөөс санхүүжүүлэх хэсгээс гаргахыг холбогдох албаныханд даалгажээ.

                                                           Тайлбар4.2 тэрбум төгрөгийн багцын тендер зарлагдсан байдал

Энэ хүрээнд Хот тохижилтын газраас ЗАМ УГААХ ЧИЙГШҮҮЛЭХ МАШИН, ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БИЧИЛ МАШИН  гэсэн хоёр төрлийн төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлагдсан байна. Уг тендерт “Голдендрийм”, “Чойсамбуу”, “Далу”, Эврест Ланд групп”,Рейнж-Интерншл” тэргүүтэй компаниуд өрсөлджээ.

                                                                           ТайлбарТендерт оролцсон компаниудын үнийн санал

Сонирхолтой нь,  дээрх хоёр төрлийн тендерт  хамгийн өнөдөр үнэ өгсөн “Далу” компани ганцаараа шалгарч,

-ЗАМ УГААХ ЧИЙГШҮҮЛЭХ 5 ШИРХЭГ МАШИНЫГ 1 ТЭРБУМ 250 САЯ ТӨГРӨГӨӨР,

- ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БИЧИЛ 20 ШИРХЭГ МАШИНЫГ 2 ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГӨӨР  нийлүүлэх эрхийг авчээ.


БОДИТ ҮНЭ: “АЛИБАБА” ДЭЭР 76-86 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА

Уг тооцооллоор, “Далу” компани 4.1 тэрбум төгрөгөөр ХОЁР ТӨРЛИЙН 25 ширхэг цэвэрлэгээний төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүрэг хүлээсэн байна. Багцаа дүнгээрээ, нэгж төхөөрөмж нь тээврийн зардал ба үндсэн үнийн нийлбэрээр,

-Зам талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмж нь: 2.850.000.000:20=142.500.000 төгрөгийн,

-Зам угаах чийгшүүлэх машин нь: 1.250.000.000:5=250.000.000 төгрөгийн үнээр Нийслэлд нийлүүлэгдэж байгаа  юм.

Одоогоор “Далу” ХХК-ийн зүгээс зам талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмжийг Хотод нийлүүлээд байгаа аж. Зам угаах чийгшүүлэх машин нь хамт нийлүүлэгдэх ёстой байсан ч хойшлогдсон байна. Эдгээр төхөөрөмжүүдийн нэг бүрийн үнэ нь даруй том оврын жийпний үнээс давж буй нь анхаарал татаж байгаа юм.

Тиймээс бид Хот тохижилтын газарт нийлүүлэгдээд буй зам талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмжийн үнийг олон улсын онлайн худалдааны хамгийн том вебсайт болох “Алибаба”-аас шүүн үзэхэд, монгол мөнгөөр 76-86 сая төгрөгийн хооронд зарагдаж байв.

Тайлбар: Алибаба дээрх цэвэрлэгээний төхөөрөмжийн үнэ

Холбогдох линк: ЭНД дарж нэвтэрнэ үү.

НИЙЛҮҮЛЭГЧ ХАЙДӨ КОМПАНИ: БИД ТАНАЙ УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРГААНД БААХНЫГ НИЙЛҮҮЛСЭН...

Улмаар зам талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмжийг дагнан үйлдвэрлэдэг БНХАУ-ын Яньтай хотын Хайдө мэргэжлийн машин үйлдвэрлэлийн хязгаарлагдмал компанийн худалдааны хөтөчтэй онлайнаар худалдааны маягаар холбогдож үнэ асуусан юм.

Уг компанийн онлайн худалдааны хөтчийн зүгээс “Саяхан бид танай Улаанбаатар хотын захиргаанд баахныг нийлүүлсэн. Монголыг хариуцсан мэргэжилтэн томилолтод явсан байна” гэв. Ингэснээр “Далу” компани урд хөршийн Хайдө мэргэжлийн машин үйлдвэрлэлийн хязгаарлагдмал компаниас  20 ширхэг цэвэрлэгээний төхөөрөмж авсан нь тодорхой болсон юм.

Гэвч арилжааны үнээ хэлэхгүй ТАТГАЛЗСАН НЬ ихээхэн анхаарал татсан юм. Ямартай ч “Далу” компани цэвэрлэгээний төхөөрөмжийг шууд үйлдвэрээс нь авсан учраас “Алибаба” дээрх үнээс хямд авсан нь тодорхой билээ.

“Алибаба” дээрх үнэн дүнгээр бодоход, “Далу” ХХК зам талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмж нэг бүрээс 142.500.000-76.000.000/86.000.000=66.500.000/56.500.000 сая төгрөгийн ЗӨРҮҮТЭЙГЭЭР Хот тохижилтын албанд АМЖИЛТТАЙ ШАХЖЭЭ. Тээвэрлэлтийн зардал болоод гаалийн татварын  үнийг хассан ч нэг төхөөрөмжөөс 40-50 сая төгрөгийн АШИГТАЙ ажилласан гэх хардлагыг төрүүлж  буй.

                                                                              Тайлбар: "Далу" ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл

“Далу” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнийн өгсөн мэдээллээр бол уг төхөөрөмжиндөө жилийн баталгаа өгч буй аж. Улмаар цаашид сэлбэгийг нь хангах нийлүүлэх боломжтой гэж мэдээлсэн юм.Э.Ган-Эрдэнийн талаарх мэдээлэл бидэнд хомс олдсон ч өмнө нь "Нийслэлээс зарлагдсан барилгын тендерт оролцоод, гүйцэтгэлээ хийж чадаагүй тул шилжүүлж байсан,  удирдлага нь улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр нөхөрлөдөг"  гэх мэдээллийг  эх сурвалжууд өгөв.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button